Бүх нийтийн бэлэн байдал зарлаад, хатуу хөл хорио тогтоогоод байна.
Үүнтэй холбоотойгоор дээрх байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахыг зөвшөөрч, бусад байгууллага аж ахуй нэгжийг үйл ажиллагаагаа түр зогсоох, онлайн хэлбэрт шилжүүлж, үйл ажиллагаагаа явуулах чиглэлийг УОК-оос өгөөд байгаа билээ.
Тодруулбал, хүнсний хангамж хэвийн явах ёстой учраас хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
Бусад үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Хөдөлгөөнийг эрс хязгаарлах зөвлөмжийг дагаж, ард иргэд зөвхөн хүнс, эмийн хангамж, ус авахаар гарч болно бусад тохиолдод эрсдлээс өөрийгөө хамгаалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн.
Гэвч өнөөдрийн нөхцөл байдлыг харахад иргэдийн хөл хөдөлгөөн тийм ч хангалттай, халдварын тархалтыг хумих хэмжээнд хумигдаагүй байсан юм. Тэгвэл өнөөдөр УОК-ын хуралдаанаар өнөөдөр 23 цагаас эхлээд УБ хотод явганы хөдөлгөөн, автомашинтай хөдөлгөөнийг багасгах тал дээр шаардлага тавьж эхэлнэ гэдгээ Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдэгдлээ.
Тэрбээр “Дэлхийн улс орнуудад коронавируст халдвар гарсан бол иргэн бүр маш хариуцлагатайгаар дэглэмээ сахиж, тэвчээртэй байж даван туулж байгаа нь харагдаж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорио цээрийн дэглэмийг сахиулж, хязгаарлалт хийж байгаа.
Өнөө өглөөнөөс хөл хорио тогтоосон ч автомашинтай болон явган зорчигчид дэглэмийг сайн сахихгүй байна. Тиймээс өнөөдрийн 23:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод явган болон автомашинтай хөдөлгөөнийг аль болох хязгаарлах шаардлага тавьж эхэлнэ.
Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг судалж үзлээ. Тодорхой биш буюу хүнтэй уулзах, айлд очих гэх мэтээр явдаг юм байна.
Цар тахал гарсан үед гэрийнхээ ойролцоо байгаа дэлгүүрээс хүнсээ авч, хол газар явахгүй байхыг зөвлөж байгаа. Маргаашнаас бүх иргэдэд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагын ажилтнууд шаардлага тавьж ажиллана. Тандалт судалгааны хугацаанд дэглэмээ чангатгана.
Дам хавьтлын хүмүүсийн байршлыг ерөнхийдөө тогтоосон. Шинжилгээ тандалтын ажил ойрын хоёр хоногтоо дуусгах юм” гэв.
Н.БАТАА