Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар ТӨВ БАНК БОЛОН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ уншигчиддаа танилцуулъя.
10 дугаар зүйл.Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
10.1.Төв банк цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар зайлшгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.1.1.төгрөгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тодорхой салбарыг дэмжих, банкны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор банканд зээл олгох Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулж, хуульд заасан арга, хэрэгслийг ашиглах;
10.1.2.гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор дотоод болон гадаадын улс, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, худалдан авах нөхцөлтэйгөөр дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан зээл, хэлцлийн нөхцөл, шаардлагыг Төв банк тогтооно.
10.3.Энэ хуулийн 10.1-д заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 7 дахь заалт хамаарахгүй.
10.4.Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.
10.5.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргана.
10.6.Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ.
10.7.Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.
Н.БАТАА