[starbox]
Индонез улс хэдэн аралтай гэдгээ өдий болтол мэддэггүй аж. Тиймээс ирэх наймдугаар сард Нью-Йоркт таван жилд нэг удаа болдог НҮБ-ын газар зүйн нэршлийг стандартжуулах бага хурлаас өмнө арлуудынхаа тоог бүрэн гаргахаар шийдвэрлэжээ. Ер нь тус улс юуны учир газар зүйн асуудалдаа төөрөлддөг юм бол?
Арал гэж юу вэ?
НҮБ-ын тэнгисийн эрхийн конвенциор арал гэдэг нь усаар хүрээлэгдсэн, далайн янз бүрийн түвшинд байхлах байгалийн гаралтай газар нутгийг хэлдэг аж. Арлын нэрийг нутгийн иргэдийн дор хаяж хоёр хүн нь мэдэж буй нөхцөлд албан ёсоор баталдаг.
Гэтэл Индонезийн арлуудын 60 хувь нь нэргүй тухай загасчдын эрхийн төлөө тэмцэгчдийн орон нутгийн эвслийн төлөөлөгч Сюзан Херавати ВВС агентлагт мэдээлжээ. Тэрбээр Ломбокоос холгүйхэн орших, хувийн амралтын газар бүхий нэгэн жижиг арлыг жишээ болгон татсан байна.
Дэлхийн хамгийн том олтриг
Индонез нь 1.9 сая км.кв талбайд сунаж тогтсон улс юм. Энэ газар нутгийг шалгаж тогтооно гэдэг нарийн ажиллагаа юм.
Өнөөг хүртэл олонд алдартай арлуудыг ч, Жакартагийн ойролцоох шүрэн арал зэргээ ч тоололгүй, зүгээр л Мянган арал гэж бөөнд нь нэрлэсээр иржээ. 1996 оны хуулиар бол тус олтригт 17508 хуурай газар хамаарч байна. Энэ бол ойролцоох тоо бөгөөд НҮБ-ын шалгуурыг тооцоогүй үр дүн аж.
Индонезийн засаг захиргаа НҮБ-д арлуудаа бүртгүүлэх нь нийт газар нутгаа болон улсынхаа загасны нөөцийг хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
НҮБ-ын газар зүйн нэршлийг стандартжуулах бага хурал таван жилд нэг удаа болдог бөгөөд ирэх наймдугаар сард Нью-Йоркт зохион байгуулагдана. Индонезийн засаг захиргаа энэ үеэр дор хаяж 1700 шинэ арал бүртгүүлнэ гэж найдаж байгаа аж.
“Өнөөдөр манайх төдий тооны аралтай. Гэвч жагсаалт нэмэгдэж магадгүй. Бид шалгаж нягтлаад долоодугаар сарын сүүлч хүртэл энэ асуудлыг цэгцэлнэ” гэж тус улсын Тэнгис, загасчлалын хэргийн яамны шалган байцаах бүлгэмийн удирдагч Балок Будьянто мэдэгдлээ. “Бид арал болгон руугаа очиж, координат, нэрийг нь бичиж, түүх, газар зүйг нь бичих шаардлагатай болж байна” хэмээн тэрбээр нэмж өгүүлжээ.
Хийсэн ажил нь талаар болох вий
Цаг уурын өөрчлөлтийн улмаас тэнгисийн түвшин үргэлжлэн дээшилсээр Индонезийн мянга мянган арал усан дор орчих вий гэдгээс байгаль хамгаалагчид эмээж байна. Тэгвэл энэхүү тооцоо, хяналт зэрэг ажил үр дүнгүй болох юм. Ерөнхий газар зүйн зураач Балокийн хэлж буйгаар мэргэжилтнүүд галт уулын идэвхжил, газар хөдлөлтийн улмаас шинэ шинэ арлууд байнга үүсдэг гэнэ.
Тус улс газар нутгийнхаа төлөө санаа зовниж, яаравчлах нь ч аргагүй. 2002 онд Индонезийн хоёр аралтай холбоотой асуудлаар Малайзтай маргаан дэгдээж, мөн хоёр арлаа Зүүн Тимурт алдсан билээ.