Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авч, энэ сарын 17-ны өдрийн 06 цагт хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, иргэд Гамшгийн тухай хууль болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх юм.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ямар эрх, үүрэг хариуцлага хүлээж байгааг уншигч та бүхэндээ хүргэж байна.
13 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
13.1.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ЭРХТЭЙ:
13.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
13.1.2.цар тахлын эсрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах, хандив, тусламж өгөх;
13.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;
13.1.4.хуульд заасан бусад эрх.
13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ҮҮРЭГТЭЙ:
13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
13.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;
13.2.3.ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;
13.2.4.иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;
13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;
13.2.6.энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;
13.2.7.үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;
13.2.8.гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;
13.2.9.цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
13.2.10.хуульд заасан бусад үүрэг.
13.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
Зөрчлийн тухай хуулийн:
10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”
Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Н.ЦЭНДБАТ