Монгол Улс өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж, холбогдох төрийн байгууллага, эрүүл мэндийн яамнаас өгч зөвлөгөө, зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байсан билээ.

Иргэд, олон нийтийн зүгээс сүүлийн саруудад тайвширч, албаны хүмүүсийн өгч байгаа зөвлөгөө зөвлөмжид хайнга хандах болсон бөгөөд хайнга байж болохгүйг албаны хүмүүс удаа дараа сануулж, анхааруулж байсан юм. Харин өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод Ковид-19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна.

Тиймээс Засгийн газар, УОК-оос шуурхай арга хэмжээ авч, түр хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм.
Ковид-19 халдвартай холбоотой мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулалтад оруулж , хэвлэл мэдээллийн хэрэглээр тогтмол цагуудад, эсвэл тухай бүрт нь Эрүүл мэндийн яамнаас өгч байх зохицуулалтад шилжих тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.

Тэгэхгүй бол дотооддоо дөрвөн хүнээс халдвар илэрсэнтэй холбоотой хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс эмчилгээ хийж байгаа эмч ажилтнууд болон албаны хүмүүс рүү байнга утасдаж, ажлын ачаалал, стресс үүсгэж байгааг онцоллоо.

Д.Нямхүү “Баталгаатай мэдээллийг ард иргэдэд өгөх нь маш чухал. Өчигдөр унталгүй хонолоо. Нэг тоо яригдах амархан боловч, тандалт судалгаа хийж, уулзсан хүмүүсийг тогтоох ажилд нэлээн ажиллагаатай, няхуур ажил. Вирус илэрсэн хүнтэй ойр байсан хүмүүст ойлгуулах, сэтгэл зүйг нь бэлдэж шинжилгээ авна. Судалгаа хийнэ.

Вирус илэрсэн хүн янз бүрийн сэтгэлзүйн хариу үйлдэл үзүүлдэг. Нийгэмд ад үзэгдэхээс айна. Үүнээсээ болж янз бүрийн сөрөг үйлдэл хийнэ гэх мэт зөрчлүүд гарч байна. Тухайн хүнд нарийн судалгаа хийж, үнэн зөв мэдээллийг нь хэлүүлнэ гэдэг бидний хамгийн чухал ажил. Хэрэг хийсэн хүн айлгаж байгаа биш. Нарийн процессийг даван туулахын төлөө ажиллаж байна. Олон хүний зүтгэлийг хүндэтгэж, мэдээлэлд уужуу тайван хандаач, бид сандрахгүйгээр ажлаа хийвэл вирусийн халдвар авсан хүмүүсийг хурдан хугацаанд илрүүлж, вирусийн халдвар тархах процессийг хумих боломжтой.

Энэ их олон хоногийн ажлыг эхэлж байж, бид ингээд сандраад бужигнаад эхэлвэл хэцүү. Нэг мэдээ гараад л түүний араас утасдаад л байх юм.

Тэр хүн худлаа ярих юм бол аюултай. Энэ хүмүүсийг ил тод зарлахаар сэтгэл зүйн дарамтад орно. Ийм зүйл дээр онцгой анхаарч, яарч сандарсан, баталгаагүй мэдээ дамжуулаад шуугиан тариад, шүүгээд байх шаардлага байхгүй. Бид олон цагаар хуралдаж, энэ мэдээллүүдийг шүүж, тандалт судалгаанд гол анхаарлаа байна” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн