Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис ханган нийлүүлэгч нарт, Эмийн сангуудад, зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-ын Улсан байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж эхлээд байна.
Энэ тухай ШӨХТГ-аас цахим хуудсаараа “20,000.000 (Хорин сая төгрөг)-өөр торгоно. Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг шаардаж байна” гэдгээ мэдэгдлээ.
Мөн шаардлагыг биелүүлэхгүй бол зөрчлийн хуулиар ямар арга хэмжээ авах эрх зүйн үндэслэл байгаа вэ гэдгийг ч сануулсан юм.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”
9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх Хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт байдаг байна.