Олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хурлаар энэ долоо хоногт хэлэлцэхээр товлоод байна. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг өндөр дээд албан тушаал хашиж асан М.Энхсайханд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, Д.Оросоо нарын гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд маргааш хэлэлцэх юм.
Тус шүүхийн шүүгч Б.Батцэрэн илтгэн танилцуулахаар 40 хавтас бүхий хэрэгтэй танилцаж дуусаад ийнхүү хурлыг нь товложээ. НПГ-аас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан”, мөн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6-1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, албан тушаалаа урвуулсан үйлдэлд гэм буруутайд тооцсон билээ. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, дөрвөн жил зургаан сар хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээснээр тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь хүүхдийн хорих 411 дүгээр анги буюу Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдлэх болсон.
Г.РАВЖАА