Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуайн отгон шавь Р.Отгонбаатартай цөөн хором хөөрөлсөнөө уншигч та бүхэндээ хүргэж байна.
– Та ямар мэргэжилтэй вэ, одоо энэ хүрээлэнд ямар алба хашиж байна вэ?
-Би МУИС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, 1970-аад оноос хойш нэлээн хэдэн жил Монгол бичгийн хичээл зааж байсан.
1980-н оноос эхлэн Хэл зохиолын хүрээлэнд Төвд судлалын албанд академич Ц.Дамдинсүрэн багшийн удирдлагад ажилд орсноор өдийг хүртэл уг албанд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Дундуур нь Шашны дээд сургууль болон бусад их, дээд сургуулиудад цагаар хуучин бичгээ заасандаа.
–Та нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн гуайтай анх хэдийд танилцаж багш, шавь болсон бэ?
– Их сургуулийн нэгдүгээр курсэд байхад Ардын багш Д.Чойжилсүрэн миний багш Ц.Дамдинсүрэнтэй нэг үеийн дотны нөхөд байсан юм. Тэр үед хуучны Төвд ном сэлбэж засах ажил гарч, миний бие Ц.Дамдинсүрэн багштайгаа түр хамтран ажиллах болсон, ингэж л би оюутан байхдаа тэр том хүний өрөөгөөр орж гардаг болсон түүхтэй.
Дараа нь Ц.Дамдинсүрэн /Да багш/ багш Хэл зохиолын хүрээлэнд Төвд судлалын алба байгуулж намайг дэргэдээ анхны ажилтнаар татан авсанаар би өдийг хүртэл энэ албандаа ажиллаж багшийнхаа бичгийн ширээг манаж байна даа.
(Зураг дээр Ц.Дамдинсүрэн гуайн бичгийн ширээ болон бусад хэрэгсэл)
– Та арав орчим жил Ц.Дамдинсүрэн гуайтай ажиллажээ, Багагүй хугацаанд танд чамгүй зүйл зааж сургасан болов уу…?
-Манай багш чи ингэ, тэг гэж сүрхий заагаад, тулгаад байдаггүй онцлогтой хүн л дээ. Та бүхэн сайн хичээ, оролдоод бай, номоо үзээд бай, ийм чиглэлээр судалгаа хийвэл яаж байна. Энэ номонд тэгж бичсэн байна шүү гэх мэтчлэн заана. Хуучны эрдмийн бүтээлүүдийг түлхүү заадаг байсан. Да багшийн амьдралын сүүлийн зургаан жилд би байнга хамт байсан. Ер нь Да багш, МУИС-ийн Д.Чойжилсүрэн багш хоёр миний амьдралд ихэнх зүйлийг зааж сургасандаа.
– Ц.Дамдинсүрэн гуай Латин үсгийг манай улсын албан ёсны бичиг болгох талаар ярьж, бичиж байсан гэдэг, яагаад тэгсэн болоо?
– Ц.Дамдинсүрэн багш залуудаа Латин үсгийг албан ёсны шинэ бичиг болгох бодолтой байсан юм билээ. Үүнээс болж нэг жил зургаан сар хэлмэгдэж шоронд сууж их зодуулж байсан тухай бидэнд ярьж байсан. Шоронгоос гарч ирэх үеэр тулгалтаар кирилл үсэг манай албан ёсны бичиг болсон гэдэг. Хоригдож байхдаа хатуу ширүүн зодуур ихээр үзсэнээр үг дуугүй шинэ үсгийн талаар судалгаа хийсэн юм билээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монгол үсгийн дүрмийн толь бүтээж хэвлүүлсэн байдаг.
(Зураг дээр Ц.Дамдинсүрэн гуайн товч танилцуулга)
– Латин үсгийн давуу тал нь юу байсан юм болоо, энэ талаар багш тань та нарт хэрхэн ярьж байсан бэ?
– Ц.Дамдинсүрэн багш хэлэхдээ би Орос Улсад дургүйдээ кирилл үсгийг эсэргүүцээгүй ээ. Латин үсэг нь Монгол хэлэндээ илүү тохиромжтой юм. Жишээлбэл Я-гийн төрлийн үсгүүд ямарч асуудалгүй Монгол хэлэнд шийдэгдэнэ. Дүрэм нь ч цөөн байх боломжтой. Латин үсгийн “Y” нь Монгол хэлний “Я“ үсэгтэй дүйнэ. Жишээ нь Я-Ya ,Ё-Yo, Е-Ye зэргийг дурьдаж болох юм. Мөн багш дэлхийн нийтийн жишгийг ч цаагуураа тооцоолсон л боловуу гэж би боддог. Мөн 1960-аад онд ч Латин үсгийг авч хэрэглэх талаар дахин асуудал дэвшүүлсэн юм билээ.
-Таны багш 1970-1980-аад оны оюутан залуусын хэлний, утга зохиолын мэдлэг боловсролын талаар хэрхэн дүгнэж ярьдаг байсан бэ?
-Монгол залуусын дотоод болоод гадаад хэлний мэдлэг, орчуулга зэрэгт туйлын сэтгэл дундуур байсан. Юун түрүүнд эх болсон Монгол хэлээ маш сайн судлаж, сурах хэрэгтэй байна. Мөн Орос хэлийг сайн сурахын зэрэгцээ Англи хэлийг сайн сурч гэмээнэ дэлхийн боловсролтой танилцаж чадна гэдэг байсан.
Түүнчлэн Англи-Монгол дунд түвшний толь бичиг их хэрэгтэй байна гэж их л сэтгэл нь зовнин ярьдаг байсан даа.
(Зураг дээр Ц.Дамдинсүрэн гуайн товч танилцуулга)
-Та Монгол бичгийн багш хүний хувьд бид хуучин бичгээ төрийн бичиг болгох талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хамгийн чухал нь залуус Монгол бичгээ сайн сурах хэрэгтэй. Дараа нь техник, технологитой хэрхэн зохицох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь 2025 он хүртэл Монгол бичгээ бүх нийтээрээ сайн л сурах шаардлагатай байна.
-Монгол бичиг болон кирилл үсэг хоёрын давуу болоод сул талыг та хэрхэн дүгнэх вэ?
-Монгол бичиг нь үгийн гарлаа сайн барьж явдаг бичиг юм. Монгол хэлэндээ маш удаан хугацаагаар хэрэглэж ирсэн. Дүрэм харьцангүй цөөн, хэцүү нь хүн бүр бүх үгийн язгуураа цээжилсэн байх ёстой. Цээжлэхгүй бол зөв бичиж чадахгүй юм. Харин кирилл бичиг бол дүрмээ сайн мэдэж байхад сонсоод ч зөв бичиж боломжтой бичиг юм шүү дээ.
-Манай хүүхэд залуус хуучин Монгол бичгээ чамбай сурахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Хүүхэд залуус Монгол бичгээ кирилл үсэгтэйгээ хавсарч сурах нь илүү ашигтай. Учир нь хүний суурь мэдлэгт дараагийн сурах зүйлдээ тулгуурлаж байдаг. Энэ нь дунд, ахлах ангийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад тохиромжтой. Харин нэгдүгээр ангиас сурах хүүхдүүдэд уламжлалт заах арга нь тохиромжтой санагддаг. Уг нь Монгол хүн шинэ хэл биш шинэ үсэг сурах гэж буй хэрэг юм шүү дээ.
Ярилцсан баярлалаа, таны цаашдын эрдмийн ажилд амжилт хүсье
П.БАТ-ЭРДЭНЭ