Найруулагч М.Батболд “Альфа” театраа байгуулж, Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст” жүжгийг пост драм хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгоод буй. Хоёр бүлэг, 12 үзэгдэлт жүжгийг “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд энэ сарын 6, 7, 8-нд тоглосон. Тэгвэл уг жүжиг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 10-нд ганцхан удаа дахин тоглохоор болжээ.
“Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Улсын драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглосон. Харин “Фауст” жүжгийн чөтгөр буюу Мефистофелийн дүрд жүжигчин Т.Бархүү тоглож байна.
Өнгөрсөн 2018 онд “Фауст” жүжгийн гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Л.Баттулга нар болон Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан түүний хань Г.Урнаа, жүжигчин Н.Оюунчимэг нар тоглож байв.
Тус жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү найруулагч М.Батболд 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн билээ.
Л.Баяр