Монгол улсын иргэн бүр аливаа хэлбэрийн цус ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул үр удамтай байхын төлөө угийн бичгээ сэргээн хөтлөх явдал бол монгол хүний хөгжилд оруулж буй үнэт хувь нэмэр билээ.
Хүн ам удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь төрийн бодлогын төвд байх зарчмыг дээдлэн “Удмын бичиг хөтлөх уламжлалаа сэргээх” талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 1991 онд гарсан. Мөн Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалыг 1994 онд баталсан.
Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2007 оны 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг шинэчлэн баталсан. Тиймээс “Угийн бичиг хөтлөх”, “Угийн бичгээ сэргээн хөтлөх нь” Монгол улсын иргэн бүрийн хүндтэй үүрэг юм.
Тийм ч учраас дүүргийн ЗДТГ-аас иргэд, айл өрх, залуучуудад угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг ойлгуулах, угийн бичгийг сэргээн хөтлөх арга зүйг түгээн дэлгэрүүлэх, угийн бичиг хөтөлдөг 29 айл өрхийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 8 хороонд угийн бичиг хөтлөх сургалт зохион байгууллаа.
“Угийн бичиг, удмын түүхээ сэргээн хөтлөх нь” сэдэвт сургалтад хороодын нийгмийн ажилтнуудаас гадна иргэдийн төлөөлөл хамрагдлаа.
Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар