Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 59 жилийн ой энэ жил тохиож байна.
Уг ойг тохиолдуулан “Шинжлэх ухааны өдөрт”-т зориулсан Хэл зохиолын хүрээлээнгийн нээлттэй хаалганы өдөрлөг Шинжлэх ухааны академийн нэгдүгээр байранд боллоо.
Тус өдөрлөгийн үеэр “Монголын нууц товчоо” зохиогдсоны 780 жилийн ойд зориулсан “Монголын нууц товчооны судлалын өгүүллийн түүвэр” номын нээлт, “Хэл зохиолын хүрээлэнгийн цуврал бичгийн чуулган, сан хөмрөгийн дээжис”-ийн нээлт тус тус болж хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачдад гардууллаа.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагааны үеэр эртний нэн ховор судар бүтээлүүдийг болон XX зууны манлай Монголч эрдэмтэн, Төрийн шагналт ШУА-ийн академич Б.Ринчен, Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Ц.Дамдинсүрэн нарын бичгийн ширээ, бичгийн машин болон бусад ховор нандин зүйлсийг дэлгэн зочдод танилцууллаа.
(Зураг дээр Б.Ринчен гуайн бичгийн ширээ, бичгийн машин болон бусад хэрэгсэл)
(Зураг дээр Ц.Дамдинсүрэн гуайн бичгийн ширээ болон бусад хэрэгсэл)
Улмаар Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Д.Цэрэнсодном “Монгол хэлний хуулийн эргэн тойрны асуудал” гэсэн сэдвээр өдөрлөгт ирсэн зочид төлөөлөгчдөд лекц хийлээ. Уг лекцдээ Монгол хэлэнд тулгамдаж буй өнөөгийн асуудлын талаар онцлон дурьдлаа.
(Зураг дээрх Түүхийн нэн ховор судар)
Ташрамд сонирхуулахад энэ үеэр тус хүрээлэнгээс эрхлэн гаргарсан бүтээлүүдийг зохиогчийн гарын үсэгтэйгээр 50 хувийн хямдралтай худалдан авах боломжтой юм.