УОК өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Шадар сайд Я.Содбаатар “Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Боршоонт боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. Боомтын үйл ажиллагааг хаасантай холбогдуулаад ажлын хэсэг ажилласан. Цаашид боомтыг гаригийн зохицуулалттай нээх асуудлыг ярилцлаа.
Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх, салбаруудын бэлэн байдлын нөхцөл байдлын ямар байгаа талаар мэдээлэл солилцлоо. Эрсдэл үүсвэл бэлэн байдал хангалттай байна уу эсэхийг шалгаж, салбарын удирдлагуудад үүрэг өглөө.
Үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, боловсролын байгууллага гэх мэт хүн олноороо цугларч байгаа газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, маск зүүлгэх тал дээр холбогдох байгууллагад хяналт тавьж ажиллах үүрэг өглөө.
Дэлхий нийтэд Ковид-19 вирусийн хоёр дахь давлагаа явагдаж, эрчимтэй өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Алтанбулаг боомт дээр Зам тээврийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Уг боомтод хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргахаар бэлдэж байна.
Ургац хураалт 95 хувьтай, мах бэлтгэх ажил эд эхэлж байна. Ирэх оны хүнсний хангамжийн нөхцөл байдлыг сонслоо. Хүнсний хангамжтай холбоотой зарим шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж гаргана. Хүнсний хангамж, нөөц төлөвлөсөн хэмжээнд байна. Хомстол үүсэх нөхцөл байдал үүсээгүй. Эрсдэл үүсч, халдвар тархсан тохиолдолд нөөц ямар байгааг ярилцлаа.
Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар хязгаарлалт хийх, хөл хорио тогтоох чиглэлээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Ковид-19 халдварыг Монгол Улс дотооддоо алдаагүй. ХӨСҮТ дотроо халдвар хамгааллын хүрээнд ажиллаж байсан сувилагч халдвар авсан. Гадаад орчинд контакт үүсгэсэн зүйл байхгүй” гэлээ.
Н.БАТАА