Намрын сүүл сарын шинийн 22-н буюу 2020 оны 11-р сарын 7-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна.
Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг.
Энэ нь бурхан багшийн үйлс зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.
Бурхан багшийн гэгээн сургаал
Ээж аавын ачыг хариулах арга
Нэгэн зүйл : Алив хүмүүн хоол унд ховор тарчиг үед эцэг эхэээ тэжээт тэтгэхийн төлөө хамаг биеийн махаа огтлон өгч, энэ мэт үйлдлийг мянга түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадмуй.
Нэгэн зүйл : Алив хүмүүн эцэг эхээ эсэн мэнд, амар байлгахын төлөө залбиран өөрийн хоёр нүдээ өргөн, энэ мэт үйлдлийг мянга түмэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадмуй.
Нэгэн зүйл : Алив хүмүүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө зулын гол болж шатахаас үл буцан, явж энэ мэт үйлдлийг олон мянган удаа давтсан ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадмуй.
Гэвч дараах зургаан зүйлийг хичээнгүйлэн үйлдсэнээр аав ээжийнхээ ачыг хариулж чадах юм хэмээн Бурхан багш бээр айлджээ.
1. Аав ээжийн ачлалыг дурьдсан номыг бичих.
2. Энэ аймгийн номыг үргэлж уншиж, эцэг эхийн ачыг үргэлж нэхэн санах.
3.Үйлдсэн бүх гэмээ наминчилан дахин үйлдэлгүй, буяны үйлд шамдах.
4. Багш гурван эрдэнийг авралд барин, үргэлжид даган орох.
5. Ёс журам, суртахууныг чандлан сахиж хичээх.
6. Дээдийн номыг үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн
Зон олон ардад өөрийн биеэр үлгэрлэн буяны үндсийг тавих.
Эдгээр зургаан үйлийг сайтар үйлдаж чадваас даруй
Эцэг эхээ хүндэлсэн ачлалт хөвгүүн болмуй