Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тус Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 40, 41 дүгээр захирамжаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс төслийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд “3,498.5 тэрбум төгрөг” гэснийг “3,540.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2021 онд “8.3” гэснийг “8,4″ гэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд “1,390.3 тэрбум төгрөг” гэснийг “1,363.8 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2021 онд “3.3” гэснийг “3.2” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжсэн гэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт мэдээлэл авав. Ирэх жилүүдэд том сорилтууд бидний өмнө бий ч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсөлтэй холбоотой ирүүлсэн зөвлөмжийг анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв.
Тус зөвлөмжид 400 гаруй мянган тонн малын мах бэлтгэх, 30 гаруй мянган тонн хонины ноос боловсруулах, 10 гаруй мянган тонн ямааны ноолуурыг дахин боловсруулах, 15 саяас доошгүй тооны арьс шир бэлтгэх гэх зэрэг нөөц бололцоо бий бөгөөд эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулахад ойролцоогоор 3 их наяд төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллартай тэнцэх экспорт хийх дотоод нөөц, боломж бий гэжээ.
Үүний тулд 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бодлогыг төсвөөрөө дамжуулан хэрэгжүүлж чадвал ажлын байрыг нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарыг босгохоос гадна эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодит боломж байна гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлэв.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийгхэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 40, 41 дүгээр захирамжаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгагдсан хугацаагхүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжсэн байна.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төсөвт төлсөн малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 29.4 хувь, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийн 8 дугаар зүйлд шинээр “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 35.3 хувь нь дэмжиж, дээрх саналууд олонхын дэмжлэг аваагүй гэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.