Арван жил хүний амь гарздаагүй байсан УБТЗ-д Д.Жигжиднямаа гэдэг даргатай болсон тэр намраас муу ёр нүүрлэсэн гэж төмөр замчид одоо ярьж байна. Тав хоноод л нэг осол, арав хоноод л хүний амь насны асуудал яригдаж эхэлсэн байдаг. Ямар сайндаа Д.Жигжиднямаа өөрөө харваж, ам нь мурийх вэ дээ. Өөрөө үндсэн мэргэжлийн хүн учраас дотор нь том, жижиг алба хашиж, үгүй гэхэд төмөр замаас хамааралтай бизнес хийж хөлжсөн хүн өөрийг нь ирснээс хойш тийм ойрхон “тогтмол” осол аваар гарч, хүний амь эрсдээд байхаар айсандаа харваж өгсөн биз.
Гэвч тэр муу ёрын нөхцөл байдалдаа тэр дассан. Одоо бүр ажрахаа байгаад, өнгөрсөн долоо хоногт Замын-Үүдэд ачаанд дарагдаж хүн үхэхэд бүр тас нуусан байдаг шүү. Зүй нь, УБТЗ ХНН-д аваар осол гарахад “Цахилгаан” гэх нэртэй богино тушаалаар дотоод сүлжээндээ мэдээлдэг, нийт 16 мянган Төмөр замчдад сэрэмжлүүлдэг байтал ачаанд дарагдаж үхсэн хүний амь амьдрал, үр хүүхэд, гэр бүл, хань ижлийг үл тоон хаялаа.
Монгол Улсыг хар жагсаалтад оруулах улс дамжсан мөнгө угааснаараа улсдаа айргийн тавд багтах Д.Жигжиднямаа мөнгөөр ч зодсон байх, амныхаа муруйг бол арилгасан. Гэхдээ УБТЗ ХНН гэх энэ том байгууллагын хувь заяа, тогтсон эрэмбэ школд оруулсан муруйгаа арилгаасангүй ээ. Улам ч муруй тахир жишиг, жаяг тогтоож энэ идээ бээр нь багтах аргагүйд хүрээд байна. Хувийн компанидаа ажиллуулдаг байсан Оюунчимэг гэх эмэгтэйг Хүний нөөцийн албаны даргаараа тавьсан нь Д.Жигжиднямаагийн мордохын хазгай болсон.
АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны удаа дараагийн шаардлагаар хууль бус үйлдэл олныг хийсэн Б.Овюунчимэгийг хоёр жилийн өмнө халж явуулсан ч өнөө болтол эргэж хурах, дахин дахин шүүхдээд л УБТЗ ХНН–аас мөнгө аваад байдаг гэх юм. Яг энэ Б.Оюунчимэг шиг кэйс маш олон байгаад Хуулийн албаны дарга нь болох Д.Минжмаа толгойгоо гашилгаж суудаг гэнэ. Хэний толгой гашилах ямар хамаа байхав. Хамгийн гол нь хууль бусаар халж сольсон, эрх ашиг бүхий буруу зөрүү тушаалуудын гор болсон шүүхийн шийдвэрээр эргэн төлөгдөх мөнгийг Д.Жигжиднямаа төлж байна уу, үгүй юу гэдэг нэн чухал. Дарга, удирдлагын тушаал буруу болохыг шүүх тогтоосон тохиолдолд тухайн иргэний гомдлыг барагдуулахдаа төсвийн мөнгө, байгууллагын дансанд гар дүрэх ёсгүйг аль эрт хуульчилсан байгаа. Гэтэл Д.Жигжиднямаагийн буруугаас, түүний Хүний нөөц эрхэлсэн даргын дутуу дулимаг шийдвэрээр үүссэн хохирол буюу цалингийн нөхөн төлөлтийг Хувь нийлүүлсэн нийгэмлэг гаргасаар байгааг юу гэж ойлгох вэ Ерөнхий сайдаа?
ТУЗ–ын хурлаараа Л.Халтар Төмөр зам дахь бохир завхралыг арилгаж чадахгүй бол дуус дуус
Төмөр замынхан яг ингэж хэлж, ярьж, шивэр авир хийлдэж байна. Учир нь энэ сарын 15-даас өмнө Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ТУЗ–ын хурал болох ёстой. Солонгосын Ерөнхийлөгч асан нэгэнтээ сүмийн хашаан дахь машин зохицуулагч байсан гэдэг шиг УБТЗ ХНН-ийн хашаанд цэвэрлэгчээс ажлын гараагаа эхэлсэн Л.Халтар сайд үнэхээр төмөр замаас төрсөн анхны магадгүй сүүлчийн салбарын сайд. Сүүлчийн гэхийн учир төмөр замчдадаа мэргэжлийн хувьд, туулсан замналын хувьд өндөр үнэлэгддэг Л.Халтар сайд Д.Жигжиднямааг дарга болж ирсэн үеэс их шахагдаж, хавчигдсан ч бэрхшээлийг алгасаж өнөөдрийн сэнтийдээ ирсэн хүн. Ямар ч л байсан Д.Жигжиднямаа мэтийн ганзагын наймаачны дэргэд ясны улстөрч. МАН–ын үнэт капиталуудын нэг. Түүнээс өөр хүн байсан бол Д.Жигжиднямаагийн бүлэглэлд нухчуулаад өнөөдөр сураггүй болсон биз. Тиймээс ч үеийн үед хөрөнгө түрийвчээр нийлсэн Д.Жигжиднямаа, Дэлгэрсайхан нарынх шиг бүлэглэлийн дундуур зүсч сайд хүртэл тодрох хүн Л.Халтараас хойш гарахгүй байх.
Харин одоо явсан замналаа шүүж, бурууг халж, хуучин өв уламжлалаа Төмөр замд авчирах түүхэн хариуцлагатай үе Л.Халтарын гараар хийгдэхгүй бол өөр хэзээ ч биш болжээ. Үүнийг л төмөр замчид дотооддоо ярилцаад, “Чадахгүй бол Л.Халтар дуус дуус…” гэж хараах ерөөхийн хоронд хэлж суугаа хэрэг.
УБТЗ ХНН-д өнөөдөр тогтсон олон буруу жаяг, эрх ашиг бол Д.Жигжиднямаагийн хаанчлалаар эхэлсэн. Идсэн уусан нь илчлэгдэж, хавтаст хэрэг нь дийлдэхээ байсан ч өөрийгөө Ерөнхийлөгчийн хамсаатан гэж ойлгуулахдаа бол пиар хийж чадаад байгаа Д.Жигжиднямаагийн хамгийн том дайсан бол сэтгүүлзүй. Гэсэн ч яаж ч бичээд, дэлгээд мөнгөтний өмнө сэтгүүлзүй ч нугарсан юм. Мөнгөндөө эрдэж л тэр хавтаст хэргүүдээ царцааж, мөнгөндээ эрдэж л тэр хэвлэлийг шүүх цагдаагаар айлагж, ичээж байгаа. Үнийгээ Ерөнхийлөгч хамгаалаад байгаа мэтээр шуум тараадаг.
Нидэр дээрээ Гавьяат горилсон материалыг нь Дэлгэрсайхан гишүүн Ерөнхийлөгч рүү авч ороход “Юу хийсэн гэж Д.Жигжиднямаа гавьяат болох юм бэ?” гээд өөдөөс нь шидсэнийг тодорхой эх сурвалж ярьсан байдаг. Тэгэхээр Д.Жигжиднямаа бол Ерөнхийлөгчийн нөмөрт байгаа хүн биш. Дэлгэрсайханаар зуучлуулсан амь хэврэг харилцаан дээрээ бүтэн дөрвөн жил УБТЗ-ыг зайдагналаа. Л.Халтарыг Нийгмийн асуудал эрхэлсэн дарга байхад нь тогтлоом шоглоом хийж, даапаалдаг, дардаг байсан Д.Жигжиднямаатангууд буюу Д.Ганбод, Д.Пүрэвдорж, н.Лувсан, Л.Амгалан гээд Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан тушаалсан гэхээс илүү Д.Жигжиднямаагийн хөрөнгө санхүүг хамгаалагч, албан бус гэр бүлийнхнийг Л.Халтар л одоо зайлуулжахгүй бол эмх замбараагаа алдах нь ээ.
Төмөр замчдынхаа итгэлийг хүлээж байгаагаар Л.Халтар сайд Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн энэ хурлаар ТУЗ–ын гишүүдийг өөрчилнө. Мэдээж, “шилэн” Б.Цогтгэрэлээс эхэлнэ. Б.Цогтгэрэлийг энэ суудлаас авч гэмээнэ Д.Жигжиднямааагийн суудал ганхах учиртай. Тэртэй тэргүй хугацаа нь дууссан Д.Жигжиднямааг угаасаа процедурынх нь дагуу халж, хөөж чадвал тэр төмөр замчдадааа жинхэнэ энэ салбараас төрсөн сайд болж өөрийгөө тунхаглах учиртай. Ийм төлөвлөгөөнөөс айсан Д.Жигжиднямаагийн багийнхан УБТЗ ХНН-ийн өнөөгийн удирдлагад буй Л.Халтарын талын буюу тухайлбал Ц.Хүрэлбаатар, Ерөнхийлөгчийн хүн гэгддэг З.Батболд зэрэг дарга нарыг суудлаас нь буулгахаар хуйвалдаж эхэлсэн гэх юм.
За, удам дамжсан төмөр замчдын нэрийг гутаасан паразитуудыг тэжээж байгаа УБТЗ ХНН дотооддоо хэнээрээ даргаа хийж лаа, луувангийнхаа алиныг идэх маньд падгүй. Гол нь Ерөнхийлөгчийн итгэл үзүүлсэн Л.Халтар сайд жинхэнэ төмөр замчин мөн үү биш үү, жижиг үү том уу гэдгийг төмөр замчид хүлээж байна. Энэ Засгийн газрын бүтцийг, сайдуудын нэртэйгээ У.Хүрэлсүхийг авч ороход ирсэн нэрсээс дарж байгаад Ерөнхийлөгч өөрөө сольсон дөрвөн сайдын нэг нь Л.Халтар гэдэг шүү. Ямар ч байсан Ерөнхийлөгч бол худалч, хулгайч, алуурчин Д.Жигжиднямаагийнх биш ясны төмөр замчин Л.Халтарыг дэмждэг. Өөрийгөө Ерөнхийлөгчийн хамсаатан гэж худал пиараар дөрвөн жил амьдарсан Д.Жигжиднямаа цаашид төмөр замчдын амиар наадаж НАЧАЛЬНИК хийх эрхтэй юу?
“Шилэн” Цогоо мундаг бол Д.Жигжиднямаагаа илчлээч?
Жилийн өмнөхөн өөрийгөө УИХ-д дэвшлээ гэж мөн ч их оодорсон доо, “шилэн” Цогоо. Хаа сайгүй л явж байдаг “Нэр минь Монгол, Цус мин Монгол…” гэхчлэн ядмагхан ишлэлээр түрээ барьж эв хавгүй зураг хөрөг сошиалаар оруулахад МАН–ынхан их нь ичиж, бага нь уйлав гэдэг л болсон. Ичүүдэс ч үнэн байсан. Тэр УИХ-д нэр дэвшээгүй. Дэвшүүлэх сураг ажиг ч угаасаа яваагүй. Харин Цогоо яагаад тэгж их оодорсон бэ гэвэл УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийнхаа угжинд цадаж, цанхайрч, амаараа гулгиж байсан хэрэг. Өнөөдөр “Сул иргэн болсон…” гэж мөн сошиалаар зарласнаараа “угжгүй” болсон Б.Цогтгэрэл төрөөс идээчин уугаачныг дэлгэж байна. Сайн ч юм боллоо. Сайхан ч юм боллоо.
Б.Цогтгэрэлд баярлаж байна. Харин УБТЗ ХНН-ийн шилэн дансыг ухаж, алуурчин Д.Жигжиднямаагаа нүдний булай болгож чадах болов уу? Чадахгүй л байх. Өнөөдөр Төмөр замд өдөр бүхэн хүний амь эрсдэж байгаа учраас Д.Жигжиднямааг замчид “алуурчин дарга” гэж дуудаж байна. Хамгийн сүүлд Замын-Үүдэд ачаанд дарагдаж хүртэл хүний амь нас эрсэдсэн байдаг шүү. Харин үүнийг нууж байгаа нь хачирхалтай. Тийм л учраас замчид Д.Жигжиднямааг алуурчин дарга гэж байгаа байх.
Д.Жигжиднямаа хууль бус тушаал шийдвэрүүдээсээ болж, шүүхийн шийдвэрээр ирж байгаа хохирлын төлбөрийг өөрөө гаргаж байна уу? Өөрийнхөө туслах байсан Б.Оюунчимэг гэдэг эмэгтэйг халж явуулсан нэртэй байнгын шүүхийн шийдвэрээр сая саяар нь мөнгө УБТЗ ХНН-ийн данснаас гаргаж одоо мөн “тэжээсээр” байгааг юу гэж үзэх вэ? Хаашаа ч юм бэ дээ, Хүний нөөцийн даргаар ажиллуулах боломжгүй түүх намтартай болохоор нь “Чи шүүхдээд бай, би ялагдаад байя, дундаас нь цалингаас чинь их мөнгө шүүхийн шийдвэрээр олгоод бая…” гэж тэр гэмт хэрэгтэнтэйгээ зохицсон баймааргүй юм.
Рааш гэдэг зөнөг өвгөний хувийн зусланг засах, хувийн машинд өвлийн дугуй авч өгөх, бүр хүүгийн нь машинд сервис хийж өгөх ямар эрх ашиг тэнд байна вэ? Энэ бол наад захын идээчин уугаачингуудын баримт. Мэдээж, “шилэн” Цогоо өөрөө ухвал илүү тодорхой гаргаж ирэх биз. Ингээд Цогоо хамсаатнаа яадгийг харах үлдлээ.