Эрүүл, органик хүнс, Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн талаар World Organic Foods компанийн захирал С.Өлзийдэлгэртэй ярилцлаа.
-Таныг хүмүүс органик дэлгүүрийн Өлзий гэдгээр нь их мэддэг. Анх яаж энэ органик хүнстэй холбогдсон бэ?
-Би нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 15 жил ажилласан. 2011 онд хоол хүнсний тухай сургалтанд суусан юм. Тэр сургалтаас хүн хоол хүнсээр өөрийнхөө эрүүл мэндийг ч сүйтгэдэг бас сайжруулдаг гэдгийг маш сайн ойлгож авсан юм. Хүний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс байгалийн, амьд органик байвал өөрийгөө эрүүлжүүлж чадах юм билээ. 2011 онд Америкт явж байхдаа органик бүтээгдэхүүн худалддаг Whole Foods дэлгүүр орсо. Тэр дэлгүүрийн бүх бүтээгдэхүүн органик, байгалийн үнэхээр гоё дэлгүүр байсан. Ингээд л “Яагаад Монголд ийм дэлгүүр байж болохгүй гэж” хэмээн бодоод сонирхож судалж эхэлсэн. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани руу нь мэйл бичсэн, тэднээс уулзалт хийж болох уу гэж хариу ирсэн, бид өдөр товлоод уулзсан. Уулзалт амжилттай болж, бүтээгдэхүүн нийлүүлэхийг зөвшөөрсөн. Гэхдээ тэд органик бүтээгдэхүүн үнэтэй учраас Монголд ойлгох уу? Худалдаж авч чадах уу?” гэж асуусан. Бид дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхмаар байна гэдгээ хэлж ингээд л энэ ажлаа эхлүүлсэн дээ.
-Та дэлгүүрээ байгуулаад хэдэн жил болж байна бэ? Анх нээж байсан үетэйгээ харилцуулахад хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Одоо бараг 10 жил болох гэж байна. Эхний 5-6 жил хүмүүсийн органикийн тухай ойлголт тун бага , зөвхөн өвчтэй хүмүүс хэрэглэдэг гэсэн ойлголттой, хэрэглэгч нь цөөхөн их хэцүү байсан. Шантрах үе байсан. Энэ бол мөнгө хөөсөн бизнес биш юм. Одоо ч ашиггүй. Гэхдээ хүмүүс нэгэнт хэрэглээд сурчихсан болохоор нэхээд байдаг. Арван жилийн дараа байдал өөрчлөгдөнө гэж бодоод л зүтгэсээр байна.
-Шантарч байсан үедээ яаж даван туулж, энэ бизнесээ үргэлжлүүлье гэж өөрийгөө зоригжуулж байв?
-Эхэлснээсээ хойш таван жилийн дараа Тайвань Улсын органик дэлгүүрийн салбарын хүмүүстэй уулзсан. Тэд Монголд органик хүнс оруулж ирэх зорилготой байсан. Би бүтээгдэхүүнээ Америкаас сүүлийн 5 жил авчирсан, одоо болтол ямар ч ашиггүй алдагдалтай ажиллаж байгаа нөхцөл байдлаа тайлбарласан. Тэд “Тайвань улсад органик хүнс хөгжөөд 20-н жил болж байна. Бид органик хүнсийг хөгжүүлэхийн тулд эхний арван жил үнэхээр хасах ажилласан. 23 сая хүн амтай газар арван жил ажиллаад хасах байхад чамайг таван жил ажиллаад хасах байна гэхэд гайхахгүй. Чи замынхаа 50 хувьд л явж байна. Чиний бодол,чиглэл зөв учраас органик хүнсээ битгий хаяарай” гэж хэлж байсан. Үүнийг сонсоод нээрээ л замынхаа 50 хувьд явж байгаа юм бол дахиад 5 жилийн дараа өөрчлөгдөнө гэж итгэж үргэлжлүүлэн зүтгэж байна даа.
-Органик хүнсний борлуулалт массыг хамарч чадахгүй байгаа нь иргэдийн санхүүгийн байдалтай холбоотой байдаг гэж би бодож байна. Таны бодлоор…?
-Нэг талдаа тийм. Органик хүнсийг үнэтэй гэж ярьдаг. Гэхдээ үнэн чанартаа органик, шим тэжээлтэй,чанартай сайн бүтээгдэхүүнийг бага хэрэглэдэг. Өглөөний цайндаа хүмүүс талх, масло, хиам, өндөг гээд л олон төрлийн зүйлийг хольж хэрэглэдэг. Мэдээж нэр төрөл олшрохын хэрээр их мөнгө зарцуулдаг. Харин үүний оронд өглөөний цайндаа нэг аяга органик овьёос чанаад идэхэд үнийн хувьд адилхан. Бидний сэтгэхүй өөрчлөгдөөгүй байна. Өөрчлөгдөхөд хугацаа орно. Хүний өдөр тутмын хэрэглээ гэдэг бол хэмжээтэй, шим тэжээлтэй, бага байх ёстой байтал бид хэмжээгүй, замбараагүй юу л бол юу иддэг болсон. Органик хүнс гэхээр хүмүүс бүр тусгай бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг, уг нь бол бидний өдөр тутамдаа хэрэглэх ёстой байгалийн амьд бүтээгдэхүүн юм. Хэрэгтэй хэрэггүй олон хоол нь чанартай жоохон хоолтой үнийн хувьд бараг адилхан тусна. Дээр нь дараа нь гарах үр дагавар нь харамласанаасаа илүү их болж өвчин худалдаж авсан байдаг шүү дээ.
Жинхэнэ байгалийн амтыг мэдрээд хэрэглээд сурсан хүн тэр байгалийн амтаа л мэдрэхийг хүснэ. Хүн өөрийгөө өөрчлөхөд цаг хугацаа их ордог шиг бусад хүмүүст органик хүнсийг таниулж, мэдрүүлэх,тогтсон хэв маягаас нь өөрчлөхөд,бас хэрэглэгч нь болгоход нилээн хугацаа орно.
-Органик хүнс хэрэглэхийг дэлхий нийт уриалж байна. Яагаад хүмүүс органик хүнс сонгох ёстой вэ?
-Органик хүнс гэдэг бол хөрснөөсөө эхэлдэг зүйл. Зөвхөн хөрсийг нь бэлдэх гэж 3-5 жил зарцуулна. Ингэхдээ тэр хөрсөнд ямар нэгэн химийн бодис юу ч хийхгүй. Үүний дараа ямар ч химийн бордоогүйгээр үрээ цацна. Бүх зүйл нь эрүүл органик аргаар явагдана. Энэ бол жилд 3-4 удаа ургац авдаг асуудалтай адил зүйл огт биш. Маш их цаг хугацаа ордог ажил. Хадгалалтын сав баглаа, хадгалах байр гээд бүгд өөр өөрийн стандарттай байдаг. Манай Улс дотоодын бүтээгдэхүүнээ органик гэдэг. Гэхдээ манайд мөрдөж байгаа стандарт нь байхгүй. Ядаж л тухайн бүтээгдэхүүнийг түүж хураахдаа ямар сав суулга,шил саванд хийх, ямар технологиор хураах гээд бүх юм тодорхой биш.
Харин органик хүнс бол маш нарийн байдаг. Тариалдаг газрын нэр хаяг, яаж хураасан, хэрхэн хадгалсан гээд л ийм олон зүйлийг тодорхой мэдээлж органик гэсэн тэмдэглэгээг авдаг. Маш олон стандартыг хангаж байж л органик хүнсний болзлыг хангана.
-Монголд Органик бүтээгдэхүүн байгаа юу?
-Манайд үүнийг шинжилдэг лаборатори нь байхгүй. Тийм учраас яг албан ёсны органик байгаа гэж хэлж мэдэхгүй байна. Саяхан манай дотоодын компани USDА органик тэмдэглэгээ авах гээд бүтээгдэхүүн болон хөрсөө шинжлүүлэхэд шаардлага хангаагүй. Энэ нь хөрсөнд байх ёстой элемент байгаагүй байна гэсэн үг биш гэж үү.
-Монголд 2006 онд органик хүнсний тухай хууль батлагдсан. Хуульд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг шүү дээ. Та татварын хөнгөлөлт эдэлж чадаж байна уу?
-Манай компани өнөөдрийг хүртэл улсаас ямар нэгэн хөнгөлөлт,дэмжлэг аваагүй. Монгол Улсын хуульд 90 хувьд нь органик түүхий эд ашиглавал органик гэж үзнэ гэж хуульчилсан байдаг. Би өнөөдөр хуулийн дагуу өөрийн оруулж ирдэг органик хүнсээр 100 хүртэл хувь органик нарийн боов хийхийг хичээж л байна. Гэтэл зарим газрууд жоохон орц найрлага оруулаад өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг органик гээд нэрлээд лого тэмдэгтэй зарж борлуулж байдаг, тэрийг зохицуулах үйлчилгээтэй гэж нэрлэх нь зөв гэж боддог.
-Органик хүнсийг тээвэрлэж авчирна гэдэг тийм ч амаргүй байх. Америкаас тээвэрлэж ирэхэд хүндрэл их байдаг уу?
-Хүнс нэг бүрийн онцлог гэж байдаг. Одоо бол манайх тасалгааны хэмд тээвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг авчирдаг. Гэхдээ бас зарим бүтээгдэхүүн улирлаас хамаарсан тээвэрлэлттэй. Органик болохоор хадгалах хугацааны хувьд ер нь богино байдаг. Гэтэл манай хуулинд импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг хадгалах хугацааны 3/2-нь хүчинтэй байх ёстой гэсэн заалт бий. Энэ нь 6,8,10,12 сарын хугацаатай холын тээвэртэй органик бүтээгдэхүүний хувьд оруулж ирэх боломжгүй болгочихож байгаа юм. Жишээ нь 10 сарын хугацаатай бүтээгдэхүүн байлаа гэж бодоход гурван сар нь зам зуур, дотоодын тээвэр гээд хугацаа бас орох үе бий тийм үед асуудалд орох гээд байдаг.
Тэгэхээр 6,8,10,сарын хугацаатай буюу хадгалалт богино сайн бүтээгдэхүүн авчрах боломжгүй. Хууль нь ийм болгочихсон. Хууль өөрчлөгдөөгүй байхад бид сайн бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд оруулж ирж болдог байсан.
Гэтэл холоос ирж байгаа тээвэр 35, 45, 60 хоног зарцуулна. Үүнээс болоод компаниуд болон хүмүүс хугацаа уртасгагчтай хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн авч ирэх сонирхолтой байдаг. Нэг талаасаа буруу биш шүү дээ, хэн хугацаа багатай бүтээгдэхүүн авч ирж, торгууль тавиулж, эрсдэл үүрэхийг хүсэх вэ дээ.
Тиймээс л хүнсний бүтээгдэхүүн импортлогчид нөөшлөгчтэй бүтээгдэхүүн авчирч, хүмүүс ихээр хэрэглэж байна. Үнэхээр л иргэдийнхээ эрүүл мэндийг бодож байгаа бол эрүүл хүнс хэрэглүүлэхийг хүсэж байгаа бол хуулиар зохицуулж өгөх, өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Амьдрал дээр буухгүй хууль баталчихсан учраас органик бүтээгдэхүүн хэрэглэх гэхээр хуулиараа хориг тавигдчихаад байна.
-Эрсдэлтэй бизнес рүү зориглон орох хүн ховор байх л даа?
Манайх эрсдлээ үүрээд хүмүүсийн хүсэлтээр ажлаа хийгээд явж л байна. Хүмүүс эрсдэлтэй гэж боддоггүй байх, дуурайгаад энд тэнд их бага хэмжээгээр оруулж ирсэн л байдаг. Албан ёсны төлөөлөгч нь биш л бол хэцүү шүү дээ, нэг хоёр удаа хийж үзээд больчихдог.Үүний оронд харин эрсдэлээ үүрээд оруулаад ирсэн, албан ёсны компанитайгаа хамтраад ажиллавал ашигтай юм биш үү, мөнгөө түгжихгүй, хүгацаа алдахгүй,ашгийн хувиа аваад хамтраад борлуулах нь дээр гэж боддогүй юм байх даа.
Жишээлбэл: Зургаан төрлийн бүтээгдэхүүн оруулж ирлээ гэхэд бүгд өөр өөр хугацаанд үйлдвэрлэгдэнэ. Ингээд л гуравны нэг хоногийн хугацаа нь өнгөрчихдөг тохиолдол зарим үед гардаг. Гэтэл манай улсын гааль, мэргэжлийн хяналтын байгууллага нь хамт орж байгаа бүх бүтээгдэхүүн дээр торгууль тавина. Мэдээж органик бүтээгхэдүүнийг маш их хэмжээгээр оруулж ирдэггүй ээ. Импортлож байгаа бүтээгдэхүүний тоо ширхэг нь цөөхөн, үнийн дүн нь торгуулиасаа хэд дахин бага байдаг. Торгууль тавиулж байснаас 1/3 хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнээ устгуулъя гэхээр бусад бүтээгдэхүүнийг ч хамтатгах гээд адилхан устгана гэдэг. Устгаад зогсохгүй дээрээс нь бас торгууль тавьдаг. Бүтээгдэхүүнийг ашиглах гуравны хоёр хоногийн хугацаа нь байхад торгууль тавиулаад дээрээс нь устгуулна гэдэг чинь хэцүү шүү дээ. Ажлаа хийж байгаа хүмүүсийг буруутгахын аргагүй, хуулиндаа ингээд заагаад өгчихсөн, амьдралд нийцэхгүй хууль бас байнаа байна.
Ийм учраас л хүний биед эрүүл, органик хүнсний импорт,үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг дэмжээд өгвөл, ард иргэдээ хүнсний элдэв нэмэлтгүй бүтээгдэхүүнээр хангах боломжтой. Төрөөс дэмжлэггүй учраас эрсдэлээс зайлсхийж, дандаа уртасгагчтай, нэмэлттэй хүнс импортолж байна.
-Эко бүтээгдэхүүн био, натурал бүтээгдэхүүний ялгааг тайлбарлавал?
-Био гэхээр Европын улс орнуудын хэрэглэдэг үг. Ер нь бол адилхан. Европын орнуудын органик нь био гэсэн бичигтэй, ногоон навчтай тэмдэгтэй байдаг. Америкийнх органик 95 хувиас дээш байвал USDA гэсэн ногооноор бичсэн тэмдэглэгээг хэрэглэхийг зөвшөөрдөг ба эко гэдэг. Зохицуулах үйлчилгээтэй бол USDA тэмдэглэгээг бүтээгдэхүүнийхээ хажуу талд нь хар өнгөтэйгөөр ашигладаг. Тэмдэглэгээ нь хүртэл дотроо ялгаатай.
Монголчуудын хоол хүнс байгальд ойр натурал гэдгээрээ л явна уу гэхээс Дэлхий даяар мөрдөж байгаа одоогийн органик ойлголтоос өөр.
Натурал гэдэг байгальтайгаа илүү ойр. Органик гэдэг нь ямар нэгэн химийн бодисгүй,генийн өөрчлөлтгүй, байгалийн амьд, эрүүл гэсэн үг юм. Жимсээр жишээлэхэд гялгар уут юм уу хуванцар саванд органик бүтээгдэхүүнийг хураахад л урвалд орж эрүүл байдал нь алдагдаж байдаг.
-Дэлхий нийт гал тогоогоо эмийн сан болгож байна. Хүн бүхэн хүнсээрээ өөрийн биед хэрэгтэй зүйлсээ авахыг эрмэлзэж байна. Яг энэ үед та нэгэн гайхалтай бүтээгдэхүүнийг гаргаж аваад монголчуудын эрүүл мэндэд хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Энэ талаараа яриач?
-Хоол хүнснээс бүрэн авч чадахгүй байгаа шимт тэжээлээ байгалийн аргаар хүнснээсээ нөхөж авах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх,үүднээс Эника брэндээ гаргасан юм. Нэг ширхэг кабсултай чацарганы тос нь 2 кг чацаргана идэж байж авах шим тэжээлтэй тэнцэнэ гэсэн үг. Хүнд хэрэгтэй маш олон үрийн дотроос хамгийн чухал гэсэн 11 үрийг сонгож гаргасан. Хүмүүс өөртөө хэрэгтэйг сонгон авч хэрэглэх нь чухал.
-Гадуур хувь хүмүүс болон зарим байгууллага чацарганыг цэвэр тос гээд шилтэй тос зардаг. Үүнээс юугаар ялгаатай вэ?
-Энгийнээр тайлбарлахад тосыг гарган авдаг гурван арга байдаг.
Эхний арга нь уламжлалт арга буюу шууд шахаж гаргана. Ийм технологиор хийгдсэн тос бол сайн муу бүх зүйл нь байгаа гэсэн үг. Дотор нь юу байгааг шинжилж үзэж байж хүний биед орох ёстой юм уу үгүй юу? гэдгийг тодорхойлно.
Хоёр дахь арга нь бол хүйтэн аргаар гаргаж авахыг хэлж байгаа юм. Халаахгүйгээр гаргаж авна. Тухайн тос гэмтэх нь арай бага гэсэн үг.
Гурав дахь арга нь CO2 буюу нүүрс хүчлийн хийг ашиглаж өндөр даралтын аргаар “supercritical extraction” гэсэн маш нарийн технологиор эмийн түвшинд гаргаж авч байгаа явдал юм. Энэ аргаар гаргаж авсан тос нь хүний биед огт орж болохгүй хүнд метал, химийн бордоо зэрэг хэрэггүй элементүүдийг нь үлдээж хэрэгтэйгээ ялган авдаг цэврийн цэвэр тос гэсэн үг л дээ. Өөрөөр хэлвэл хүний биед орох ёсгүй бодисыг ялгаад, харин хүний биед нэн хэрэгтэйг нь авдаг арга юм.
Монголын үйлдвэрүүдээс чацарганынхаа үрийг авдаг. Тэр үрээ хатааж, хөлдөөгөөд ялгалт хийж, СО2 тоног төхөөрөмжөөрөө тосыг нь гаргаж авдаг. Одоо манайх 11 төрлийн үрээс тос гаргаж байна. Чацарганаас хальсны болон үрийн гэсэн хоёр төрлийн тос гаргаж байгаа. Бусад 9 төрлийн үр нь хар үрийн тос, Яншуйны үрийн тос, Будааны хивэгний тос, Нохой хошууны үрийн тос, Шар гааны тос, Үр тарианы соёолуулсан үр хөврөлийн тос, Хулууны үрийн тос, Анарын үрийн тос, Маалингийн үрийн тос гээд байгаа.
Бусад 9 нь Монголд тариалдаггүй жимс ургамлын үрийн бүтээгдэхүүн л дээ. Гэхдээ гарал үүсэл нь тодорхой, тухайн улс бүрээс нь хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг сонгон авч Турк Улсын дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн ISO22000, ISO22716, ISO9001, GMP хангасан үйлдвэрт үйлдвэрлэж байна.
-Монголчууд ямар бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд сонгон авч хэрэглэж байна вэ ?
– Мэддэгээрээ чацарганаа их авдаг. Мөн гадагшаа санал явуулахад тэд мөн адил мэддэгээ л захиалдаг. Монголын зах зээлээс дэлхийн зах зээл рүү чиглэж байгаа. 2020.01.25 нээлтээ хийгээд гадагшаа гаргах зорилготой байсан, ковидоос шалтгаалж одоохондоо өнөөдрийн байдлаар дотоодын хэрэгцээндээ борлуулж байна.
-Та тэгэхээр тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд Монголдоо үйлдвэрлэх санаа байна уу?
-Тийм ээ цаашдын урт хугацааны төлөвлөгөө байгаа. Яг өнөөдрийн байдлаар арай болоогүй байна.
-Азид яг ийм шинэ технологиор үрийн тос гаргаж авдаг үйлдвэр хэр их байдаг вэ?
– Ер нь ховорхон,цөөхөн дөө. Тайваньд гэхэд л хүлээн зөвшөөрөгдсөн нэг үйлдвэр л байдаг.
-Хэдийгээр Турк улсад үйлдвэрлэгдэж байгаа ч дэлхийд гарахдаа Монгол брэнд л гэж гарна биздээ?
-Тийм ээ. Бүтээгдэхүүн бол Монголын нэрээр гарч байгаа. Үйлдвэр маань Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай GMP-г хангасан үйлдвэр юм. Нэг үгээр хэлбэл Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа Монгол брэнд.
Энэ үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд ямар ч асуудалгүй гаргах гэрчилгээтэй, зөвшөөрөлтэй гэсэн үг. Харин одоогоор шууд Монголд үйлдвэрлэхэд асуудалтай. Тэгэхлээр хаана ч хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн биш болчихож байгаа юм. Эхний ээлжид хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээ таниулах гэж дотоодын хэрэгцээндээ гаргасан.
-Гадуур ч бас чацарганыг тос зарагдаж байдаг. Тэгвэл танай ENICA бүтээгдэхүүн бусдаас юугаараа ялгаатай вэ?
– Түрүүн бас хэлсэн, бидний үйлдвэрлэж буй ENICA бүтээгдэхүүн бол өндөр даралтын технологийн аргаар SC- СО2 нүүрс хүчлийн хийн тусламжтай тухайн үр тариа, ,жимсний үр зэрэг түүхий эдийг шимт эрдэс бодисыг эсийн түвшинд боловсруулан гарган авдаг тул аливаа үр тариа жимсэнд агуулагдах хорт бодис, хүнд металлуудаас нь тусгаарлаж гаргаж авч чадсан цэврийн цэвэр гэдгээрээ бусдаас давуу талтай.
Эдгээх увдистай, шим тэжээлтэй, шинэлэг, анагаагч бас үзэсгэлэнтэй. Монголд байхгүй иннивацийн бүтээгдэхүүн л дээ. Дэлхийн аль ч лабораторид хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн болсон юм. Энэ технологи нь хамгийн дэвшилтэт технологи учраас бусад аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнүүдтэй адилтгах боломжгүй. Энэ бол цэврийн цэвэр тос. Хольцгүй цэвэр бүтээгдэхүүн ууж байж, бие организм сэргэдэг.
Цэвэр үрийг технологиороо оруулаад тосыг нь шахаж гаргаж авдаг. Маш их хэмжээний үр ашиглагддаг. Тухайн жимсний үр хамгийн их шим тэжээлийг агуулж байдаг. Энэ нь нэг ёсондоо тухайн жимсний хамгийн сайн шим тэжээл охь гэсэн үг юм.
-Яагаад тосон хэлбэрийг сонгосон бэ?
-Ер нь ямар нэгэн бүтээгдэхүүний тосон хэлбэр нь хүний биед орохдоо маш сайн тээвэрлэгч болж өгдөг. Маш хурдан үйлчилнэ гэсэн үг.
-Манайхан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм мэтээр ойлгох хандлага ажиглагдаж байдаг?
-Тийм шүү эм шиг л хүлээн авдаг. Хүнснээс авч чадахгүй байгаа эрдэс бодис, дутагдаад байгаа шим тэжээл, амин дэмээ хүнсний нэмэлтээс түргэн хугацаанд нөхөх шаардлагатай болчихдог. Ямар ч хүнсний нэмэлт хэрэглэх шаардлагагүй хүн байж болно. Гэхдээ нас ахих тусам хоол хүнснээс авах шим тэжээл улам багасна. Гаднынхан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Энэ нь өөрийнхөө өдөр бүр авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байгаагаа мэдэж байдаг учраас өвдөхөөс урьдчилан сэргийлж юу хэрэглэхээ маш сайн мэддэг байна. Манай улсад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж зохимжгүй нэрлэдэг юм билээ. Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэхээр заавал өвдсөний дараа уух ёстой юм шиг ойлголт өгөөд байдаг юм шиг санагддаг.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой л хэрэглэдэг бүтээгдэхүүн. Хоол хүнсний шим тэжээлийн дутагдал л өвчний эх үүсвэр болж байдаг. Тиймээс л жил бүр эмнэлэгт үзүүл гээд байдаг. Олон төрлийн шим тэжээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж байж л эрүүл байна.
Монголчууд анхнаасаа л мах гурил хэрэглээд ирсэн. Уламжлалт хоол. Тухайн үед монголчууд мах гурилан хоолыг шингээж зохицуулж чаддаг байсан нь нүүдлийн аж ахуйтай мөн улирлын чанартай хооллодог байсантай холбоотой. Махан хоолыг өдөрт нэг л хэрэглэдэг. Цагаан идээ их хэрэглэдэг. Ер нь идэж ууж буй нь хэмжээтэй. Зөв зүйлээ л идэж явсан болохоор өвдөлт бага байсан. Гэхдээ насжилт богинохон байсан гэж боддог.
Сүүлийн үед насжилт уртсаж байгаа ч өвчлөл ихсэж байна. Ялангуяа хавдар. Манайханд зохимжгүй л хооллолт их байна. Хоолноосоо шим тэжээл авч чадахгүй байна. Цусны бүлгээр хооллож сураагүй. Тэгэхээр цус нь хүлээж авч чадахгүй, задалж чадахгүй зүйлийг идээд байхаар өвчлөхөөс яах билээ. Олдмол өвчин 75-85 хувь нь хоол хүнснээс шалтгаалж байдаг.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
М.Лхагвабаяр