ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй байгаа барилгуудыг Улсын комисс хүлээн авбал АТГ-аар шалгуулна гэдгээ танай байгууллага мэдэгдлээ. Ер нь чанар, стандарт хангаагүй барилгуудыг хүлээгээд авчихсан олон жишээ байдаг л даа. Тэгэхээр замбараагүй байдлыг цэгцлэх нь ээ гэж харж байна?
-ШӨХТГ-аас сүүлийн үед баригдсан, Улсын комисс хүлээгээд авчихсан байгаа барилгууд дээр судалгаа хийж байна. Стандартын шаардлага хангаагүй барилгыг, хууль дүрэм, норм зөрчөөд Улсын Комисс хүлээгээд авсан байвал тухайн барилга дээр ажилласан Улсын комиссын гишүүд, албан тушаалтнуудыг АТГ-т өгнө. Стандартын шаардлага хангаагүй барилга нурвал яана. Энэ чинь хүний амь насанд шууд заналхийлэл учруулж байгаа процесс. Мөн анхны зураг төслийнхөө дагуу баригдаж уу үгүй юу, норм, норматив, стандартаараа нийт оршин суугчийн хэдэн хувьд нь зогсоол байх ёстой юм. Орох гарах гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэргэнцэртэй иргэнд яаж үйлчлэх ёстой юм. Барилга хоорондын зайн стандарт ямар байх ёстой юм гэх мэт олон асуудал бий.
Стандарт норм нь, зураг төсөл нь байсаар атал нарийн шалгахгүйгээр стандарт зөрчсөн барилга хүлээгээд авч байна гэдэг бол авлига байна гэсэн үг. Стандартын дагуу баригдаагүй барилгыг Улсын комисс хүлээн авдаг байдлыг зогстол нь АТГ-т өгнө. АТГ энэ асуудлыг шалгах ёстой.
Иргэдийн зүгээс авлига авсан гэдгийг нь нотлох боломжтой гэж үү? гэх асуулт ирж байна лээ л дээ. Энд бэлэн мөнгө юм уу, авлага авсан, өгсөн процессын асуудал биш. Харин албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үйлдэлд нь хариуцлага тооцох асуудлыг бид хөндөн тавьж байгаа юм.
-Стандартын шаардлага хангаагүй барилга, байгууламжийг хүлээн авсан байна гэдэг бол Ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл биз дээ?
-Тийм.
-Сүүлд ашиглалтад орсон 20-н сургууль, цэцэрлэгийн барилгаас хорт хавдар үүсгэгч бохирдол илэрсэн тухай мэдээллийг олон нийтэд ил болголоо?
-Бид хэд хэдэн лабораториос албан ёсны мэдээллүүдийг авчихсан байна. Сүүлд ашиглалтад орсон 20 сургууль, цэцэрлэгийн 40 орчим хувьд хорт авдаг үүсгэгч бохирдол илэрсэн. Энэ бол тухайн барилгыг хүлээж авсан Улсын комиссыг шалгах нэг үндэслэл.
Бидний хүүхдүүд стандартаа мөрддөггүй, бусдын эрүүл мэндийг боддоггүй, зөвхөн ашиг хонжоо хайгч, хариуцлагагүй барилгын компаниудаас болж хорт хавдар үүсгэгчтэй, бохирдолтой орчинд сурч, хүмүүжиж байна. Одоогийн байдлаар мэдээллийг нэгтгэх шатандаа явж байна. Мэдээллээ нэгтгэж дуусаад олон нийтэд шууд зарлана.
-Барилгын ямар материалаас хорт бодис ялгараад байна вэ гэдгийг нарийн тогтоосон уу?
-Дотоод орчны шинжилгээгээр барилга дотор хорт хавдар үүсгэгч бохирдол илэрсэн. Шинэ барилгын хувьд тухайн бохирдол хана, тааз, шал, цонх, цонхны тавцан, паарнаас юм уу гэдэг нарийн судлагдаагүй. Эд материал тавигдаад эхэлсэн хуучин барилгын хувьд бол тавилганаас ч ялгарч байх магадлалтай. Яг энэ эд зүйлээс, барилгын энэ материалаас бохирдол үүсч байна гэдгийг тодорхойлох зүйл нь байхгүй.
Барилгыг стандартын шаардлага хангасан, хүний биед сөрөг нөлөөгүй материалаар л барих ёстой. Одоо манайхан их ашиг унагаахын тулд, мөн зах зээлийн өрсөлдөөнөөрөө хямд өртөгтэй орон сууцыг хурдан худалдаалан борлуулж байна.
Эрээнээс хаа хамаагүй барилгын материал зөөж байна. Тухайлбал, БНХАУ-д стандартаар хасагдчихсан хэрэглэхийг хориглосон барилгын бараа бүтээгдэхүүнүүд Монгол Улсын хилээр хараа хяналтгүй орж ирж, Зуун айл, барилгын худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Үүнээс болж айл өрх болгонд асуудал үүсээд байна.
Яагаад нэг настай хүүхэд хорт хавдар өвчнөөр өвчлөөд байгаа юм бэ гэдэг чинь өөрөө асуудал. Үүнийг бид дотоод орчны бохирдолтой холбоотой асуудлаас үүдэлтэй гэж үзэж байна. Энэ нь ч лабораторийн шинжилгээгээр батлагдчихлаа.
Хүн 24 цагийн 90 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг юм байна. Хүн ажил дээрээ, гэрт, машинд хэдэн цагийг, гадаа цэвэр агаарт хэдэн цагийг өнгөрөөдөг вэ гэдгийг бодоод үзээрэй. Тэгэхээр бид дотор орчны бохирдлоос бүх хорыг авч байна.
БАРИЛГЫН ДОТООД ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТЫН МЭДЭЭЛЛИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДААГАА НЭЭХ ГЭЖ БАЙНА
-Барилгын ямар материалаас хор илрээд байна вэ гэдгийг шинжлүүлэх боломж байгаа биз дээ?
-Материал тус бүр дээр нь шинжилгээ хийх боломж лаборатори дээр бол байгаа. Гэхдээ тэр болгоныг бид хөөцөлдөөд явж чадахгүй. Тиймээс бид барилгын дотоод орчны эрүүл ахуйн стандартын мэдээллийг Монгол Улсад анх удаагаа нээх гэж байна.
Үүнийг нээхээр барилга, орон сууц худалдан авах гэж байгаа иргэн мэдээлэл ил болно. Тэндээс иргэд тухайн барилга, байгууламжийн дотоод орчны бохирдол нь стандартын үзүүлэлтүүдээс давсан эсэхийг харах боломж нээгдэнэ.
-Дотоод орчны бохирдол арилдаг уу?
-Ер нь арилдаггүй. Манайхан саармагжуулна гэж ярьдаг. Орчны бохирдол юунаас ялгараад байгааг мэдэх боломжгүй учраас алийг нь саармагжуулах юм.
Нэг жил 365 хоногтой. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 263 хоног хичээллэж байгаа. 263 хоногийн хугацаанд дотоод орчны хорт бохирдлын хорны хэмжээ нь багасч байгаа хэдий ч бүр мөсөн алга болдоггүй.
Тэгээд л есдүгээрсарын нэгэнд сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэхэд засвар үйлчилгээ хийсэн, сургууль цэцэрлэгийн дотоод орчны бохирдлын хор нэмэгдсэн байдаг. Хүн заавал амталсан, идсэн зүйлээсээ хорддоггүй. Үнэрлэх эрхтнээр дамжин маш их хэмжээний хор хүний биед орж байдаг юм байна.
Ямартай ч бид барилгын дотоод орчны эрүүл ахуйн стандартын мэдээллийг ил болгоно. Агаарын дотоод орчны бохирдол өндөртэй орон сууцыг худалдан авах эсэх нь тухайн хүний л асуудал. Гэхдээ эрүүл мэндэд хортой орчинтой барилга байгууламжийг хэн ч худалдан авахыг хүсэхгүй байх.
Тиймээс барилгын компаниуд стандартын шаардлага хангасан материалаар барилга байгууламжаа барихыг хүснэ. Хүссэн хүсээгүй бохирдол ихтэй, хямд, чанаргүй материалууд зах зээлээсээ шахагдаад ирнэ.
Монгол Улсад стандарт, хууль дүрэм журам хангалттай байна. Үүнийг хамгийн гол нь мөрдөж ажилламаар байна.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Н.ЦЭНДБАТ
3 comments
ЦЕМЕНТийг үнстэй хоьж зарсан. ЭНЭ муу хольцоор орон сууц барьсан даа
zaisangiin 35r tsetserleg ashiglaltad orood 3n jil noloh gj bn.shine tsetserleg barigdsan .getel ene tsetserleg anhnaasaa haluun usnii asuudliig shiideegui gd haluun usgui huuhduud huiten usaar garaa ugaaj bn.namar huuhduudees fairy avch bn, asuuhaar huiten ustai bolohoor ayga tavgaa ugaadag gj yrij bn, etseg ehiin hural dr erhlegch ni ajliin 5 honogiin 2 odor ni hovguudiijh ni shudiig ni ugaalgahuu?3 odor ohiduudiig ni shudiig ugaalgahuu ?sanalaa hel huiten ustai gd zogsoj bnshdee.ene odoo heden on ym be!!!!!!!
shineer barij bga barilgaa ter tusmaa huuhdiin tsetserlegiig yagaad us, OO-iin asuudliig ni shiidchij boldgui ym be.asuudliig ni shiidtsen buren ashiglah hemjeenii barilga huleej avah heregteishdee.
Barilgiin material,oron suutsiin hortoi himiin bolon,radiation tsatsrag idevhtei materiel shalgadag bagajaar /laboratory/baitsaagch,shinjeechdiig hangah ni zov
Terch buu hel,suryegiin savhantsar emneleg,shorongiin hanand naaldaad udaan amidarch b.dag