УБТЗ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Зүүнхараа өртөөнд өчигдөр төмөр замчин хавтанд дарагдаж нас барсан тухай мэдээлэл яригдаж байна. Төмөр замд осол гарсан тохиолдолд Шуурхай удирдлагын баг ослын талаар нийт ажилчдад мэдэгддэг ч өчигдөр Зүүнхараад болсон гэх, яригдаж буй ослын тухай мэдээлэл ажилчдад хүрч амжаагүй байна. Тиймээс төмөр замын удирдлага хэргийг нуун дарагдуулах гэж байна гэсэн хардлага ч дэгдэж эхэлжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төмөр замын ажилтан говийн угалз шуурганы үеэр орон сууц руугаа гүйж зуухаа галлах гэж байгаад угаартаж нас барсан хэрэг гарсан ч энэ талаар УБТЗ-ын удирдлага ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Зүүнхараа өртөөнд гарсан гэх хэргийн талаар цөөнгүй эх сурвалжаас тодруулахад:
УБТЗ-ын даргын Ажлын албаны дарга н.Бат-Эрдэнэ: Би ийм асуудал хариуцдаггүй
-Сайн байна уу, UPDOWN.MN сайтаас ярьж байна. Зүүнхараа өртөөнд төмөр замчин хавтанд дарагдан нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл байна, энэ үнэн үү?
-Би ийм асуудал хариуцаггүй.
-Би ямар албан тушаалтнаас энэ асуудлыг тодруулах вэ?
-Би ийм асуудал хариуцдаггүй.
УБТЗ-ын Хэвлэлийн төлөөлөгч н.Зориг: Цагдаагийн байгууллагаас тодруул
-Сайн байна уу, UPDOWN.MN сайтаас ярьж байна. Зүүнхараа өртөөнд төмөр замчин хавтанд дарагдан нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл байна, энэ үнэн үү?
-Би мэдэхгүй байна, Цагдаагийн байгууллагаас тодруул.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллээс асуу
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 7036102 дугаар холбогдон тодруулахад:
-Сайн байна уу, UPDOWN.MN сайтаас ярьж байна. Зүүнхараа өртөөнд төмөр замчин хавтанд дарагдан нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл ирсэн. Танай хэлтэст ийм хэрэг шалгагдаж байгаа юу?
-Манайхаас ийм мэдээлэл өгдөггүй юм. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллээс асуу.
Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Шаардлагатай бол маргааш ирээд мэдээлэл аваарай
– Сайн байна уу, UPDOWN.MN сайтаас ярьж байна. Зүүнхараа өртөөнд төмөр замчин хавтанд дарагдан нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл ирсэн юм. Энэ үнэн үү?
– Сайн мэдэхгүй байна. Мэдээллийг шүүж үзэж байж, мэдээлэл өгөх боломжтой. Шаардлагатай бол маргааш ирээд мэдээлэл аваарай.
Мэдээллийг маргааш ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулан хүргэх болно.
Н.БАТАА