ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Бид яагаад цахим жор дээр хурууны хээ гэсэн шийдлийг ашиглах болсон гэхээр өмнөх жилүүдэд бид хурууны хээгээр иргэнийг баталгаажуулж жор бичдэггүй байсан. Өмнө нь тодорхой зөрчлүүд удаа дараа гардаг байсан. Жишээ нь, хүний регистрийг ашиглаад жор бичүүлээд, даатгалаас мөнгө нэхэмжилдэг маш их зөрчил гардаг байсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлттэй холбоотой эмийн сангуудад төсвийн хязгаар байхгүй боллоо. Хурууны хээгээр бүртгэхгүй яваад байхаар энэ байдал улам бүр гаараад даатгалын санг хохироох явдал гарах болзошгүй. Ийм явдал гаргахгүйн тулд энэ шийдлийг гаргасан. Одоо Өрхийн эрүүл мэндийн төв, улсын хоёр, гуравдугаар шатлал, хувийн эмнэлгүүд өөрсдийн програм хангамж дээр жор бичих нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Тиймээс хурууны хээгээ бүртгүүлж жороо бичүүлэх нөхцөл бүрдэж байна.
Иргэд Эмийн сан дээр очиж хурууны хээгээ уншуулна гэсэн ташаа мэдээлэл гараад байна. Эмийн сан дээр очиж хурууний хээ уншуулахгүй. Анхан шатанд буюу жор бичих үед хурууны хээ шаардаж байгаа” гэлээ.
Л.Баяр