Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч ажиллана гэдгээ дурдлаа. Түүнчлэн Франц Улсын “СҮЭЗ” /SUEZ/ компанийн зүгээс Улаанбаатар хотын усны мэдээллийн сангийн системийг хөгжүүлэх болоод хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав.
Талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцан санал солилцлоо. Мөн хот төлөвлөлт болон нийтийн орон сууцны аж ахуйг сайжруулах зорилгоор Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим уулзалтыг зохион байгуулах талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах Парис хотын нэрэмжит гудамжийг тус улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж болгон тохижуулахад талууд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.