АНУ-ын хэд хэдэн гол муж улсад явуулсан санал асуулгын дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп үзүүлэлтээрээ Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденаас илүү байгааг “Real Clear Politics” цахим хуудаст мэдээлжээ.
Тухайлбал, Охайо муж улсад сонгогчдын 47.4 хувь нь Д.Трампыг дэмжиж байгаа бол 46 хувь нь өрсөлдөгчийг нь дэмжжээ. Хойд Каролина муж улсад хамгийн сүүлд 8 дугаар сарын сүүлчээр явуулсан санал асуулгад Д.Трамп тэргүүлж байсан бол энэ удаагийхд тэрбээр мөн 47.8 хувийн дэмжлэгээр тэргүүлээд байгаа аж.
Хамгийн бага зөрүү Жоржиа муж улсад ажиглагджээ. Тус мужид 47.8 хувь нь Д.Трампыг дэмжсэн бол 47.6 хувь нь Байденыг дэмжжээ. Айова мужид Д.Трамп 47.2 хувийн дэмжлэгийг аваад байгаа бол Байден 45.8 хувийн дэмжлэг авсан байна.
Гол мужуудад Д.Трамп илүүрхэж байгаа хэдий ч нэр хүндийн үзүүлэлтээр бусад мужид түүний өрсөлдөгч Ж.Байден дунджаар 6.8 нэгж хувиар илүүрхэж байгаа юм. Сүүлийн үед янз бүрийн байгууллагуудын явуулсан социологийн судалгаанууд дээр үндэслэн гаргасан энэ үзүүлэлтээр Ж.Байден 8 нэгж хувиар илүү байгаа аж.
Мягмар гарагт АНУ-д 59 дэх удаагийн бүх нийтийн сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна америкчууд Сенатын танхимын 35 гишүүнийг, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, 11 муж улс, хоёр нутаг дэвсгэрийн захирагч нарыг, мөн орон нутгийн засаг захиргааны удирдлагыг сонгоно.
Цагаан ордны төлөө Бүгд Найрамдах намаас АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Ардчилсан намаас тус улсын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден, Калифорни муж улсаас сонгогдсон сенатч Камала Харрис нар өрсөлдөнө.
Э.Аянзая : МОНЦАМЭ