Өнөөдөр 11 сарын 3 буюу Григорийн тооллын жилийн 307 дахь (өндөр жил бол 308 дахь) өдөр юм. Мөн он дуустал 58 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 03. Ангараг гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 18. Мягмар гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
Энэ өдөр дэлхий дахин болсон үйл явдал
• 1912.11.03: Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монгол Улсын Богд хааны Засгийн газрын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Засгийн газрын таван сайдтай нийслэл хүрээнд Найрамдлын гэрээ байгуулан шинэ тутам байгуулагдсан Монгол Улс, Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлов. 1912 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсний эцэст байгуулсан найрамдлын эл гэрээ Монголын олон улсын талбар дээр дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болсон юм.
• 1964: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагч Линдон Жонсон ялжээ.
• 1969: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Өмнөд Вьетнамын газар нутгаас Америкийн хуурай замын анги нэгтгэлүүдийг бүгдийг нь гаргана гэжээ.
• 1978: Доминика тусгаар улс болов.
• 2014: Дэлхийн худалдааны төвийн нээлт болжээ.
Өнөөдрийн тэмдэглэлт баярууд
• Японд Соёлын өдөр
• АНЭУ-д Төрийн далбааны өдөр
• Малдивд Ялалтын өдөр
Панамын тусгаар тогтнолын өдөр
Панама улс 1821-1903 онуудын хооронд Колумбийн бүрэлдэхүүнд орж байлаа. АНУ-ын Конгресс Номхон далай ба Карибийн тэнгисийг холбосон Панамын сувгийг санхүүжүүлэх шийдвэр гаргасны дараа тэнд Колумбийн эсрэг бослого гарчээ. АНУ шинэ улсын Засгийн газрыг нь дэмжихээр цэрэг оруулсан байна. Хоёр тэнгисийн хооронд 50-185 км-ийн өргөн урт зурвасыг Панам эзэлдэг ба 75517 кв/км нутаг дэвсэртэй.
Японы соёлын өдөр
“Эрх чөлөө, энх тайвныг хайрлаж, соёлын хөгжлийг дэмжинэ” (Японд энэ өдөр тэмдэглэх баярын зорилгыг Баяр, наадмын тухай хуулиндаа ингэж заажээ) Японыг дэлхийн хүчирхэг гүрэн болгосон, 1852 онд мэндэлсэн эзэн хаан Мэйзийн төрсөн өдрийг эхлээд арваннэгдүгээр сарын 3-нд тэмдэглэдэг байв. Дэлхийн II дайнд Япон ялагдсаны дараа “Мэйзийн өдрийг” татан буулгаад “Соёлын өдөр” гэгч баярыг гаргаж иржээ. Энэ өдөр япончууд амралтын газрууд, үндэсний хүрээлэнгүүдээр зугаалан халуун рашаанд суудаг уламжлалтай. Сүүлд тогтсон уламжлалын дагуу энэ өдөр уран зохиол, яруу найраг ба уран зургийн шагналуудыг олгодог.
Нохойг сансарт нисгэжээ
Зөвлөлт холбоот улс “Спутник-2” сансрын аппаратаар Лайка нэртэй нохойг 1957 оны энэ өдөр сансарт хөөргөжээ. “Хүн төрлөхтний агуу алхам нь агаар мандлыг нэвтрэн дэлхийн хиймэл дагуул болох явдал. Нарны аймгаас цааш аялах зэрэг бусад нь харьцангуй амархан байх болно” гэж Константин Эдуардович Циолковский бичиж байжээ. Нохойг сансарт хөөргөсөн нь үнэндээ агуу алхам болсон юм. Пуужингийн нислэгээр амьд амьтныг хөөргөн судлах ажил Сергей Павлович Королевын санаачлагаар 1948 онд Зөвлөлтөд эхэлсэн байна. Капустин Яр гэх туршилтын тайлбайгаас Р-1А пуужингаар нохойтой тусгай контейнерыг хөөргөн 470 км-ын өндөрт хүртэл хөөргөн үзэж байлаа. Ингээд 1957 оны энэ өдөр дэлхий орчмын тойрог замд хамгийн анхны халуун цуст амьтан Лайка нохойтой “Спутник-2” аппараттайгаар дэлхийг 2570 удаа тойроод 1958 оны дөрөвдүгээр сарын 4-нд агаар мандалд бууж ирэхдээ шатжээ. Английн амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн энэ нислэгтэй холбогдуулан амьтантай зэрлэгээр харьцлаа гэсэн эсэргүүцлийн цахилгааныг Зөвлөлтийн лидер Хрущевт ирүүлж байжээ.
ЮНЕСКО-гийн цогцолбор нээгдэв
1958 онд Парис хотноо Сена мөрний зүүн эрэгт Америкийн Марсель Брёйер, Италийн Пьер Нерви ба Францын Бернар Зерфюсс нарын уран барилгачдын зураг төслөөр босгосон ЮНЕСКО-гийн албан байрыг нээжээ. Цогцолбор нь нарийн бичгийн дарга нарын газар, хурлын байр, байнгын төлөөлөгчдийн газар гэсэн гурван байшингаас бүтэх ба Нарийн бичгийн дарга нарын газар нь бие биедээ 120 градусын өнцөгтэйгээр баригдсан корпусууд. Цогцолборын жин нь 72 бетонан сууринд хуваарилагджээ. Нүүрэн талын 1068 цонх нь дотоод орон зайд дээд зэргийн гэрэл гэгээг нэвтрүүлдэг.
Л.Баяр