Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан хэрэг 2018 онд буюу хоёр жилийн өмнө гарсан.
Эл хэргийн шүүх хурал удаа дараа хойшилж байсан ч энэ оны тавдугаар сарын 15-нд болж анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Харин давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сард болж 13 жилийн хорих ялыг 11 жил болгон өөрчлөлт оруулсан.
Иймд арваннэгдүгээр сарын 06-нд 13 хавтас хэргийн хохирогч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Ганболд нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ.