Чингис хаан музейн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Одоогоор барилга угсралтын ажил дуусч, өрлөг дүүргэлтийн ажлыг хийж байгаа. Хүйтрэхээс өмнө дулааны шугамд холбож, барилга доторх ажлыг эхлэх талаар албаныхан тайлбарлаж байгаа юм. Ирэх 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөснөөр музейн барилгын гаднах чимэглэлийн ажлыг гүйцэтгэх аж.
Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээ “Чингис хаан музейн орой хэсэгт алтадсан шонхор шувуу бүтээх, алтан ургийн таван хааны тамга, монголын овог аймгуудын тамга, хаалганы гоёл, тулгуур гурван баганад чулуун хөл хийх, гэрэлтүүлэг, музей доторх интерьер, дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Эдгээр ажлыг монгол урчууд болон гадаадын мэргэжилтнүүд хийхээр төлөвлөж байгаа” гэж байв.
Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөөд байгаа юм. Дашрамд дуулгахад Чингис хаан музейн есөн давхар барилгын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани гүйцэтгэж байгаа аж.
Чингис хааны музейн үзмэр, сан хөмрөг авахад зориулж 10,000,000,000 төгрөг төсөвлөсөн ба 2021 онд 100 хувь олгохоор тусгасан байдаг.
Чингис хаан музейн сан хөмрөгт шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ
Тэгвэл Соёлын яам “Чингис хаан музейн сан хөмрөгт шинээр хийлгэх бүтээлийн ажлын даалгаврын жагсаалтйг гаргасан байна.
Энэ тухай Соёлын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэн “Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байгаа. Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэх, 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ” гэж Ньюс.мн сайтад мэдээлэл өгсөн байна.
“Чингис хаан музей” нь Чингис хааны амьдарч байсан тухайн цаг үеийн ихэс дээдсийн түүхийг харуулсан музей учир XIII зуун, түүний өмнөх болон дараах үеийн хаадын хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэх юм байна.
Б.ИРЭЭДҮЙ
3 comments
Түүхэндээ ялаж үзээгүй плотоор юунд нь бахархах бэ дэ оронд нь
өөр юм оруул
Их л ядмаг жагсаал байна!
Түүхийг угаасаа зохиодоггүй юм.Тэр дундаа хэдэн зуун жилийн өмнөх үйлд явдлыг өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлт эрхэмийн толгой төсөөлснөөр бүтээдэггүй юм. Түүхэн эх сурвалж, архилогийн олдвороор үзэгслэн,музей гэх мэтийг байгуулдаг юм гэсэн шүү, Чингэсийн гэх эд өлгий өнөөдөр монгол байхгүйгээр барахгүй цамцных нь тасархай байхгүй байхад ,бичиж үлдээсэн түүх намтарч барга л байхгүйтай адил.асуудлыг дандаа зохиож хийгээд үзмэр музей байгуулах гээд жагсаалт гаргаж хэдэн тэрбум хөрөнгө төсөвлөж байдаг мөн бүдүүн зүрхтэй мангар талдаа толгойн хийх ажил