Олон улсын аялал жуулчлалын “ITM Mongolia 2020” үзэсгэлэн Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, бизнесийн шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах зорилготой уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын албаны хүмүүс үзэж танилцлаа.
“ITM Mongolia” үзэсгэлэн нь нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагддаг, гадаад, дотоодын оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол Улсад зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн бөгөөд аялал жуулчлалынхан шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаас гадна энэ салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой байдгаараа давуу талтай. Үзэсгэлэн энэ сарын 30-наас 31-ний өдрүүдэд үргэлжилнэ.