Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 01 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн талаарх санал хураалт явуулаа. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны саналаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
Хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд, Улсын Их Хурлын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн нар үг хэлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн.
“Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хуулийн төслийг соёрхон батлав
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нар тус тус танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжилтийн хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тодотгов.
Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ. Энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны зүгээс тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.
Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн талаар танилцуулгад дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн олонх Европын холбооноос үзүүлж буй төсвийн дэмжлэгийн зарцуулалтыг тодруулахын зэрэгцээ Монгол Улсын гадаад өр, буцалтгүй тусламжийн хэмжээг илүүтэй лавласан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдэд өгсөн хариултдаа, Европын холбоо татвар төлөгчдийн маань мөнгө учир өөрсдийн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдээ татвараас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан. Тус холбооноос 1992 оноос хойш зээлийн санхүүжилт огт олгоогүйн зэрэгцээ одоо олгож байгаа 50,8 сая еврогийн төсвийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дөрөвдүгээр улиралд эхний санхүүжилт болох 16 сая еврог авна. Төслийн нэгж байгуулахгүй бөгөөд 43 сая евро буюу 85 хувь нь төсвийн дэмжлэг болгон, үлдсэн 15 хувийг НҮБ болон Европын холбооны холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд техникийн туслалцаа, дэмжлэг хэлбэрээр зарцуулагдана гэв. Мөн тэрбээр, Монгол Улсын гадаад өр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 30,8 тэрбум ам.доллар байгаагийн 19,1 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компанийх, 1,7 тэрбум ам.доллар нь арилжааны банкных, 2.1 тэрбум ам. доллар нь Монголбанкных, 7.9 тэрбум ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын өр эзэлж байгааг тодотгоод Монгол Улс 1990 оноос хойш 3 гаруй тэрбум ам. доллартай тэнцүү хэмжээний буцалтгүй тусламжийг аваад байна гэж байлаа.
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа
Хуралдаан Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тус тус танилцуулсан.
Коронавирусын халдвар (КОВИД-19)-ын халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна. Ийм үед Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг баталж, 2020 оны 4 дүгээр сараас гишүүн орнууддаа тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн жилийн хүү 1.1 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байх нөхцөлтэй юм байна.
Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс олон улсаас урт хугацаатай, хүү багатай хөнгөлттэй зээл авч байгааг дэмжиж байгаа ч, үүнийгээ төсвийн алдагдлыг нөхөх, үр ашиггүй зарцуулахгүй байхад анхаарах, дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах арга хэмжээнүүдэд чиглүүлж, хөнгөлттэй зээлээ зарцуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52,5 хувь нь дэмжив.
Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав
Үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Коронавирусын халдварт /КОВИД-19/ цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Уг төсөл нь харилцагч төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар мэдээллийн хомс байдал болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч нэгжээр тус яамны харьяанд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгж ажиллах юм байна.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Байнгын хорооны санал, дүгнэлтийн танилцуулгадаа Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас 2020 ны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Т.Доржханд, С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлэв.
Гишүүдийн жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн хүртээмж, эргэн төлөлтийн хувь, хүүг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн хэдэн хувь нь бичил бизнес эрхлэгчдэд хүрч, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэхийг илүүтэй тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батцэцэг гишүүдэд өгсөн хариултдаа, Энэхүү 20 сая ам.долларын 10 сая ам.долларыг нийгмийн даатгалын шимтгэлийн татан төвлөрүүлэлтэд, үлдсэн 10 сая ам.долларын 6,5 сая ам.долларыг арилжааны банкаар дамжуулан 5-10 сая төгрөгийн 10-11 хувийн хүүтэй зээл олгоход, 1400 орчим бичил бизнес эрхлэгчид хамрагдаж, 3-4 мянган ажлын байр нэмэгдэнэ гэсэн судалгаа байна. Мөн 2019 оны хувьд найман тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 21 аймгийн 600 гаруй бичил бизнес эрхлэгчдэд олгосон бол 2020 онд 10 тэрбум төгрөгийг Хаан банк, Төрийн банкаар дамжуулан олгохоор гэрээ хийсэн бөгөөд зээлийн хүү нь 11 хувьтай байхын зэрэгцээ зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байна гэж байлаа.
Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монголбанкнаас Улсын Их Хуралд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хийж, цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг тогтоолын төсөлд бүрэн тусгаж чадаагүй гэсэн үндэслэлээр Ажлын хэсгээс “Тогтоолын төслийн 2 дахь заалтад “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авах.”” гэсэн шинэ дэд заалт нэмэхээр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувь нь дэмжиж, энэ санал олонхын дэмжлэг аваагүй болно гэдгийг дурдлаа.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих, дотоодын болон экспортын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгох шаардлагатай гэж үзэн “Тогтоолын төслийн 2 дахь заалтад “Уул уурхайгаас бусад салбарын экспортын үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн механизмыг бий болгох.”” гэсэн дэд заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 50 хувь нь дэмжиж, энэ санал олонхын дэмжлэгийг авч чадаагүй болно гэж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.