Нийслэлийн гэр хорооллын шинэ суурьшлын бүсэд байрлах гэрэл, цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох, сайжруулах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд,
Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25 хороодын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дэд өртөөний өргөтгөл, шинээр 4 дэд өртөө угсрах ажлыг “Цацрах цог” ХХК-с хийж гүйцэтгэсэн.
Төслийн хүрээнд нийт 854 айл өрхийг эрчим хүчинд холбохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар зураг, төсвийн дагуу 370 айл өрхийг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг УБЦТС ТӨХК гүйцэтгэсэн байна.
Мөн УБЦТС ТӨХК-аас гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Баянзүрх дүүргийн Хужирбулан 28-р хороодын шинэ суурьшлын нутаг дэвсгэрт шинэ дэд өртөөнүүдийн угсралт өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Үүний үр дүнд 396 айл өрхийг нэгдсэн шугам сүлжээнд шинээр холбогдох боломжийг бүрдүүлж, цахилгаан хангамжийг сайжруулсан байна.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК