Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
– Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 09-ний хооронд нээлттэй зарласан. Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлийг ойн арга хэмжээнд зориулалтын дагуу хэрэглэх, нийтэд сурталчлан таниулах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
– Монгол хүн сансарт нисссэн болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг ирэх оны гуравдугаар сард тэмдэглэхээр болов. 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗСБНХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков, Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа нарын жолоодсон Союз-39 хөлөг сансарт хөөрч, Салют-6, Союз-Т4 хөлгийн багтай хамтран сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн найм хоногийн дараа эх дэлхийд газардсан юм.
Ингэснээр Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж бэлтгэн сансарт туршсан 20 дахь, задгай сансарт хэмжилт хийсэн эхний таван орны нэг болсон юм.