Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товд оруулжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Энэхүү шалгалт нь Монголбанкны хараат бус байдалд халдсан, Төв банкны бодлогыг Арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай үндэслэлээ асуудал нотлогдоогүй байхад шүүхийн ялын тогтоол шиг шийдвэр гаргасан. Иймд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргаж байна” гэв. Уг саналтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувийн саналаар санал унасан юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Монголбанк хуримтлагдсан алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Энэхүү алдагдлын хэд нь хариуцлагагүйгээс, хэд нь бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гаргасан зардал гэж үзэж байна вэ. Монголбанк өөрөө шууд гэрээ байгуулаад зээл олгосон уу” гэсэн асуудлыг тодруулж байв. Эл асуултад Монголбанкны удирдлагууд, “Монголбанк аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаагүй. Арилжааны банкуудтай гэрээ байгуулсан. Жил бүр Монголбанк хөндлөнгийн аудит ордог. Тэрхүү аудитын дүгнэлтээр гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэж гарсан” хэмээн хариулсан.
Энэ үеэр гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж лавласан юм. Үүнд нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл гэх мэт хяналтын байгууллагууд ажиллаж байгаа боловч Ерөнхийлөгч нь голлон шийдвэрээ гаргадаг юм билээ. Зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гэхэд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс ил болгоно. Нийт 45 аж ахуйн нэгж зөрчилтэй ажилласан байна” гэсэн тайлбарыг хийж байлаа.
Гэрэл зургийг Т.Чимгээ