Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болов. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв.
Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн 272 зорчигчдыг эрэмблэн ангилж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан иргэдийг хүргэх үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. 2020 оны есдүгээр сарын 17-ноос хойш Улсын онцгой комиссын шийдвэрээр гэрийн ажиглалт, тусгаарлалтыг цуцалсантай холбоотой зөвхөн КОВИД-19 халдварын улмаас эмчлүүлж гарсан нийт 16 хүнийг хяналтандаа авсан ба 10 хүн хяналтаас гарч, өнөөдрийн байдлаар зургаан өрхийн зургаан хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 95585 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс