Бүсгүй захиралдаа зодуулсны улмаас амиа хорлосон, эсэхийг шалгана гэв

Өнгөрсөн даваа гаригийн 17.00 цагийн орчимд 22 настай бүсгүй “Нарны хороолол”-ын нэгэн байрны салхивчны цонхоор унаж, нас баржээ. Талийгаач Ж өнгөрсөн сарын 31-нд ажилладаг байгууллагынхаа захиралд зодууллаа хэмээн шалгаж өгөхийг хүссэн өргөдөл Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасан байсан аж.

Тиймээс түүнийг дарамтад өртөн ийм үйлдэл хийсэн, эсвэл хэн нэгэн санаатай түлхсэн байж болзошгүй гэх таамгийг дотны хүмүүс нь дэвшүүлээд буй. Тухайлбал, Sanjsuren Jagaanaa Tuvshinjargal гэх фэйсбүүкийн хэрэглэгч “Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад (өлмийнх нь мөр хананд үлджээ) агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумсны ормыг мартсан бололтой.

Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй” гэж суусан хормойн донтой “Соха Мебель” ХХК-ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Тавдугаар сарын 31-ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаад, түүнийг эсэргүүцэхэд нүдийг нь хөхөртөл зоджээ.

Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч ” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Эл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхнөөс тодруулахад “Талийгаачийн үхлийн шалтгааныг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа.

Энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст “Захиралдаа зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн юм билээ. Тэр гомдлыг нь шалгаж байгаа.

Түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон, өргөдөл нь алга болсон гэдэг ташаа мэдээлэл. Прокурорын байгууллагаас энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгаж магадгүй. Хэн нэгэнд дарамтлуулан зодуулж амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтөй амиа алдсан уу гэдгийг шалгаж байна” гэв.

Эх сурвалж: А.Соёмбо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн