Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнийг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгө буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй хамаагүй албан байгууллага. Тус байгууллага нь ашгийн төлөө ажилладаг, ашгийн төлөө байгууллага юм.
Та бүхний сонирхож байгаа журам бол 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн зүйл. Компани ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал олгодог. Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс менежментийг урамшуулах, сургалтын төлбөрөөс хөнгөлөх зэрэг урамшуулал олгодог. Гэхдээ ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал олгодог.
Миний бие 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон. “Монголросцветмет” ТӨҮГ-ийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр гаргаж ирсэн тэр баримт бол 2019 онд тавигдсан байсан мэдээлэл юм. Хэвлэл үүнийг ил гаргаж байгаа нь зөв. Өндөр урамшуулалт цалин мөнгө олгосноор компанийн менежментийг зөв явуулах, улсад төлж байгаа татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж би ойлгодог.
Монголросцветмет” ТӨҮГ-ийн дотоод журам болон миний хөдөлмөрийн гэрээн дээр тодорхой заасан. Би хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна. Монголросцветмет” ТӨҮГ бол 2019 онд 34,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Надаас өмнө орон сууцны урамшуулал авч байсан тохиолдол ч бий.