Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж, 2-7 насны дөрвөн хүүхэд амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийн 16:04 цагт өгчээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид долоон км зам туулан 16:12 цагт очиж 35 минут ажиллаж галыг унтраасан байна.
Уг гал түймэрт долоон настай, эрэгтэй С, зургаан настай, эмэгтэй Э, таван настай, эрэгтэй Б, хоёр настай, эрэгтэй Э нар өртөж амиа алджээ. Онцгой байдлын албаныхан цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ