Польшийн үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг эсэргүүцсэн шийдвэр гаргажээ. Засаж боломгүй гажиг эсвэл ургийн амь насанд халтай эдгэршгүй өвчин илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж шүүгчид үзжээ.
Өнгөрсөн онд үр хөндөлт хийлгэсэн тохиолдлуудын 98 хувь ийм зүйл заалтан дээр үндэслэжээ.
Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Польшид далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, олон мянган эмэгтэй хууль бус үр хөндөлтийн хохирогч болох үр дагаврыг бий болгоно гэж Хууль тогтоомжийг чангатгахыг эсэргүүцсэн идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна.
Ололт амжилт уу? Гай зовлон уу?
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг одоогийн Польшийн эрх баригчдын нэлээд хэсгийг бүрдүүлдэг барууны болон консерватив хүчний төлөөлөгчид сайшаан дэмжжээ.
“ Өнөөдөр II Гэгээн Иоанн Павелыг эх оронд нь дурсаж, Амьдралын үндэс үхлийг ялж байна. 2020 оны 10 дугаар сарын 22-ны энэ өдөр бол түүхэн өдөр. Бид өөрийгөө хамгаалах чадваргүйчүүдийн амийг хөнөөх явдлыг төгсгөл болгож байна” хэмээн Польшийн Сеймийн (парламент) депутат Томаш Жимковский “Твиттер” хуудсандаа тэмдэглэжээ.
“Хүүхэдтэй болох эсэх талаарх шийдвэрийг цаашид гарах үр дагавар дээрээс нь үндэслэн ураг бий болохоос өмнө гаргах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүүхэд гарч болзошгүй гэсэн сэжгээр хүүхдийн амийг хөнөөнө гэдэг үндсэн хуульд нийцэхгүй” хэмээн тус улсын хуульч Магдалена Кожеква-Калишук мөн тэмдэглэсэн байна.
Түүнчлэн энэ шийдвэрийг эсэргүүцэгчид ч мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ. Тухайлбал, Польшийн парламентын дэд дарга Малгожата Кидава-Блонская мэдэгдэхдээ, ингэх нь эмэгтэйчүүдийн хувьд там юм гэжээ. Улс төржсөн Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн шийдвэр ийм л утга илэрхийлж байна” гэж тэрбээр мөн мэдэгдэв.
“Ийм шийдвэр гаргаснаар Польш Европын орнуудаас анхны Халифат болов” гэж тус улсын сэтгүүлч Витольд Гловацкий мэдэгдэв.
Буулт хийсний эцэст
Польшийн үр хөндөлтийн тухай хууль нь энэ шийдвэр гарахаас өмнө ч Европтоо хамгийн хатуу хуулиудын нэгд тооцогдож байсан юм.
90-ээд оны эхээр коммунист дэглэм унасны дараа Польшид үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар ширүүхэн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус улсад асар их нөлөө бүхий каталокийн сүм, консерватив улс төрийн хүрээнийхэн үр хөндөлтийг бүрэн хориглохыг дэмжсэн. Харин Зүүний болон либераль намууд үр хөндөлтийг хуулиар хориглохыг эсэргүүцэв.
1993 онд тус улс гэр бүл төлөвлөлт, ургийг хамгаалах, жирэмслэлтийг зогсоох нөхцөлүүдийн тухай хуулийг баталжээ. Энэ хуульдаа үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх гурван нөхцөлийг тусгажээ. Үүнд:
-Жирэмслэлт эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар бол,
-Урагт засаж боломгүй гажиг илэрсэн, амь насанд нь халтай эдгэршгүй өвчин илэрснийг батлан эмнэлгийн баталгаатай тохиолдолд,
-Жирэмслэлт эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас үүссэн бол,
Эдгээр зүйл заалтууд нь Польшид “үр хөндөлтийн аялал жуулчлал” гэх үзэгдлийг бий болгожээ. Энэ нь үр хөндөлт хийлгэх зорилгоор европын бусад орнуудыг зорих, далд үр хөндөлтийг бий болгох үзэгдэл аж.
Польшийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсад 1116 үр хөндөлт хийгдсэн байна. Албан бус тооцооллоор, хилийн чанадад хийгдсэн хууль бус үр хөндөлтийн тоо энэ тооноос арав дахин илүү аж.
2016 онд ургийн гажгийн улмаас үр хөндөлт хийлгэхийг хориглосон, хууль бус үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд хийгээд хагалгааг хийсэн эмч нарыг таван жилээр хорих ял тусгасан хуулийн төслийг парламентад өргөн барьжээ. Үүний хариуд Польш даяар олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан болсон юм. Олныг хамарсан эсэргүүцэл эрх баригч намыг хуулийн төслийг авч хэлэлцэхээс татгалзахад хүргэсэн байна.
2017 онд энэ хуулийн төслийг дахин өргөн барьсан ч өмнөхөөсөө ялгаатай нь эмэгтэйчүүд, эмч нарыг шоронд хорих ялыг тусгаагүй юм. Парламент үүнийг дөнгөж энэ оны дөрөвдүгээр сард хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж : Э.Аззаяа : МОНЦАМЭ