Агаарын бохирдлын улмаас 2019 онд дэлхий даяар 476 мянга гаруй хүүхэд нярай эндсэн талаар Олон улсын эрүүл мэндийн үйлчлэлийн хүрээлэн, Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн гаргасан Stateof Global Air 2020 тайланд тэмдэглэжээ.
“Өнгөрсөн онд агаарын бохирдол нь дэлхийн нийт хүүхдийн эндэгдлийн 20 %-ийн шалтгаан болсон” гэж энэ тайланд тэмдэглэсэн аж. Энэ судалгаанд зөвхөн 27 хүртэлх хоногтой нярайг хамруулжээ. Эрсдэлтэй бүлэгт биеийн жин багатай төрсөн, янз бүрийн халдвар, уушгины хатгалгаанд өртөмтгий хүүхдүүд өртсөн байна. Үүнээс гадна амьсгалын замын өвчлөл нь дутуу төрсөн хүүхдүүдэд онцгой аюултай. Тэдний уушги бүрэн хөгжөөгүй байдаг аж. Түүнчлэн агаарын бохирдол хүүхдийн тархины ажиллагаанд саад учруулдаг.
Ялангуяа Өмнөд Ази, Африкийн Сахарын цөлөөс өмнөд хэсгийн хүүхдүүд агаарын бохирдлоос үүдэлтэй эндэгдэлд өртөж байна. 2019 онд эдгээр бүсэд агаарын бохирдлын улаас 422 мянга орчим нярай энджээ.
Өнгөрсөн онд агаарын бохирдол нь нас барах эрсдэлийн 4 дэх том хүчин зүйл болсон юм. Үүний улмаас 6,75 сая хүн цагаасаа эрт хорвоог орхижээ. “Энэ нь 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоор өөд болсон гэсэн үг” хэмээн судлаачид тэмдэглэсэн байна.
Үхлийн шалтгаанд агаар дахь РМ2.5 бичил тоосонцор, өрөөний агаарын бохирдол гэсэн хоёр бохирдол гол хүчин зүйл болдог. Өрөөний доторх агаарын бохирдол хатуу түлш болох нүүрс, модыг хоол ундаа бэлтгэхдээ хэрэглэснээс болдог байна.