Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн жил Хятад улсын 800 иргэн Монголд байршиж, тусгай ажиллагаа явуулж байсантай холбоотойгоор хаана ямар алдаа гарч, ямар хүний буруутай үйл ажиллагаанаас болж ийм явдал болсныг тодруулсан юм.
Холбогдох байгууллагууд хариулт өгөхдөө: ” 800 хятад иргэний хувьд бизнес ангилалтай, Монгол талдаа уригч компанитай байсан. Хоёр сарын туршид дамнаж орж ирсэн байсан. Уригч компанитай холбоотой мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн.
Бизнес ангилалтай зөрчлүүд маш их байна. 800 иргэнтэй холбоотой асуудал Хөх хот, Эрээний консул виз олгосон байсан” гэх хариултыг өгөв.
Монгол Улсын хувьд хилээр нэвтэрч байгаа гадны иргэдэд тавих хараа хяналт дутмаг, нэгдсэн мэдээллийн сангүй байдал нь хяналт алдах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар албаныхан онцолж байна. Тиймээс хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү алдаа дутагдлыг залруулж, мэдээллийн нэгдсэн сан бий болгох асуудлыг оруулж ирж байгаа аж.