Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг улираан сонгохоор боллоо.
Тус Их чуулганы гишүүн 58 академич байдаг бол өнөөдрийн хуралдаанд 49 академич оролцож, 47 нь одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг дэмжлээ.
Улмаар ээлжит Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм.
Шинжлэх ухааны академийн санхүүжилт 2016 онтой харьцуулахад санхүүжилт хоёр дахин, орлого 3.6 дахин нэмэгджээ. Тодруулбал санхүүжилт 2016 онд 14.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 23.6 тэрбум төгрөгт хүрчээ.
“Шинжлэх ухаанд хандах хандлага өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох тал дээр ч анхаарч ажиллалаа. Бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөц, цалин урамшуулал дээр анхаарах зүйлүүд бий” гэж Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ онцолсон юм.
Шинжлэх ухааны ерөнхийлөгч Д.Рэгдэл ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.