УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулган дээр уг асуудал хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүдийн ёс зүй, дэг ямар байх ёстой талаар өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
Тэрбээр “Монгол улс Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалаа илүү бэхжүүлж, сонгодог парламент руу явах өөрчлөлтүүдийг хийсэн.
Үүнийг дагаад чуулганы хэвийн үйл ажиллагааг хангах дэг, ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгах ёстой. Чуулганы хуралдааны дэг зөрчсөн гишүүдийг танхимаас гаргах, хариуцлага тооцох асуудал дэлхийн парламентын нийтлэг жишиг. Зарим гишүүд дэгийн тухай хуульд орж буй өөрчлөлтийг хэт субъектив байдлаар хүлээн авч, цөөнхийн бүлэг рүү хандсан хязгаарлалт гэж ойлгож болохгүй.
Франц, Герман, Баруун Европ, Япон гээд дэлхийн улс орнуудад парламентын дэгийн асуудлыг нарийн зохицуулдаг. Чуулганы хуралдааныг тасалсан, дэг зөрчсөн бол 30 хүртэлх хоногоор чуулган оролцох эрхийг нь хасах, тухайн тойргийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарладаг.
Мөн нилээд олон улсын парламентад гишүүн үг хэлэхдээ зөвхөн ярихыг зөвшөөрч, харин өмнө нь урьдчилан бичсэн зүйлийг уншихыг хориглодог. Парламентын дэгийн тухай хуулийг зөвхөн энэ удаагийн өөрчлөлтөөр зогсохгүй цаашид ч чангатгах нь зөв, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг чангатгах чиглэлээр ажиллах ёстой” гэв.
Н.БАТАА