Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан.
Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, малчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай” гэв.
Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.
Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонины дөрвөн мянгыг БНХАУ-ын талд өнөөдөр хүлээлгэн өглөө. Үлдсэн хонийг 10 хоногийн дотор хүлээлгэн өгөх юм.
Л.Баяр