Авлигатай тэмцэх газрын 18001969 тусгай дугаарын утсанд өнгөрсөн долоо хоногт 13 өргөдөл, гомдол мэдээлэл иржээ. Үүнд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 5, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 5 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл шалгуулахыг хүссэн байна. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг боловсрол, гааль, газрын харилцаа, кадастартай холбоотой гомдол эзэлжээ.
Энэ дагуу Нийслэлийн 89-р цэцэрлэг, 154-р цэцэрлэг, 197-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн цагдаагийн албан хаагч, Баянгол, Багахангай дүүргийн газрын албаны албан тушаалтан болон Төв аймгийн Аргалант сум, Хөвсгөл аймгийн Улаан-уул, Говь-Алтай аймгийн Хөх морь, Тонхил сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Цогтцэций сумдын төрийн албан хаагчидтай холбоотой гэх гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.
Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар