Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг шалгаж эхэлсэн билээ.
БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэл байгуулж, хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.
Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арван нэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан юм. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналаа 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм.
Тэгвэл тус хэргийг энэ сарын 12-ноос 21-ныг хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэний эцэст шүүгдэгч
Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийтгэх тогтоол гаргасан байна.
- Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”,
- 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”,
- 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”,
- 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм.
Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн аж. Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон байна.
Хэргийг эргэн сануулахад БНХАУ-ын 800 орчим иргэний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан байдаг. Хятад улсын иргэд 2019 оны 8 дугаар сараас эхлэн Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн байдаг.
БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байх бөгөөд 2017 онд Камбож, Индонез, Тайланд, Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.
Л.Баяр