Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод болно.
Энэ “Их Дуулга”-ын тэмцээнийг жүдо бөх сонирхогчид их сонирхож байгаа ч коронавирусээс шалтгаалж үзэгчгүй, өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас телевиз, онлайнаар үзэхийг уриалжээ.
IJF-ээс зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг болох уг тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөх юм.
Манай улсын хувьд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор “Хүннү Айр” компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна.
Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн тэнд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтанд байж, хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орох юм гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Уг тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүдийн 60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр, 66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн, 90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, 100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100кг жинд О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од, 57кг жинд Б.Алтанцэцэг, 63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул, 70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, 78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эх орноо төлөөлөн оролцоно.
Гранд Слам ангилалд түрүүлсэн жүдоч чансаагаа 1000 оноогоор нэмэх бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260 оноо авна.
Одоогоор манай жүдочид эрэгтэй -60, -66, -73, -81, -100, +100 кг-д, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жинд олимпийн эрхийн онооны бүст 1-2 тамирчин бичигдэж байна. Тамирчид өнөөдөр эх орноосоо мордох юм.