Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинээр бүрэлдсэн НИТХ-ын анхдугаар хуралдааныг ирэх баасан гарагийн 11.00 цагт товложээ.
Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан дарга нарыг сонгох аж. Мөн анхдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрийг дэвшүүлнэ.
Улмаар Ерөнхий сайдын захирамжаар НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг хотын даргаар томилдог журамтай. НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд батламжлахгүй байх эрхтэй. Хэрэв Ерөнхий сайд НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг батлаагүй бол НИТХ дахин хуралдаж, нэр дэвшүүлэх ажиллагаа явуулна.
Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрын хуралдааны дараа хуралдаж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг сонгох юм байна.
Одоогоор нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, УСУГ-ын дарга асан Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч асан М.Халиунбат нарын яригдаж байна.