Нийслэлийн засаг захиргааны “Хангарди” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлалаа.
Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүсэн тул ийн “Хангарди” ордныг хувьчлах шийдвэр гаргасан байна.
“Хангардь” ордны барилга нь 2008 онд албан тасалгааны зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон суурьтай цутгамал төмөр бетон араг бүтэцтэй, мөн төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгцтэй, шилэн фасадтай, төмөр вакуум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм.
Барилгын суурийн урт 30 м, өрогөн 18 м, хоёрдугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1.5 метрийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774.7 м.кв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гражтай, 589м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт худалдах гэнэ.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл хүлээж авах юм байна.