Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Орон нутгийн сонгуульд эрх баригч МАН найман аймагт ялагдаж, АН найман аймагт засаглах эрх олж авсан. МАН чадан ядан ялсан аймгуудын нэг нь Завхан бөгөөд энд эрх баригч нам АН-аас ердөө хоёрхон суудал илүү авчээ. Орон нутгийн сонгуулийн дүнгээр хийсэн хэвлэлийн хурал дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Аймгуудын намын удирдлагуудын буруутай үйл ажиллагаа, намын дотоод талцалаас болж МАН орон нутгийн сонгуулиар найман аймагт ялагдаж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Намын ЕНБД-ын үг ортой байсныг Завханы МАН-ын гишүүд хүлээн зөвшөөрч эхэлжээ. Орон нутгийн сонгуулийн өмнө АН-ын хэсэг гишүүд Завхан аймгийн МАН-ын хорооны дарга Д.Түвшинжаргалыг АТГ-т өгч, 200 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх орон нутгийн өмчийн тансаг зэрэглэлийн 3 өрөө байрыг хууль бусаар өмчилж авсан хэргээр шалгуулсан нь намын рейтинг буурахад шууд нөлөө үзүүлж эхэлжээ.

Тус байрыг Д.Түвшинжаргал нь Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээрээ шилжүүлсэн бөгөөд энэ хэрэг ил болмогц АН-ынхан аймгийн Тамгын газарт ажиллаж байсан МАН-ын гишүүдийг хоморголон ажлаас нь халжээ. Намын нэр хүнд, гишүүдийнхээ эрх ашиг, ажлын байрыг золиослон өөртөө давуу байдал бий болгож, ашиг хайсан Д.Түвшинжаргал аймгийн намын хороогоо хоёр хуваан хагаралдуулж, Орон нутгийн сонгуультай золгосон аж.

Түүгээр ч зогсохгүй Д.Түвшинжаргал энэ байдлаа нууцлан Орон нутгийн сонгуульд туслахаар очсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарыг төөрөлдүүлж, тэднийг аймагтаа очингуут салган, сум сум руу зөрүүлэн явуулж, хувийн тоглолт хийсээр сонгуульд амжилт багатай оролцуулсанд гишүүд нь дургүйцэх болжээ.

Энэ сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллахдаа “Завхан аймаг хөгжлийн урт хугацааны бодлогогүй явж ирсэн, хэрхэн хөгжих нь тодорхойгүй байна” хэмээн хэлж байсан. Монголын улс төрийн гол нам МАН-ын Завхан аймгийн хорооны дарга нь хувийн ашиг сонирхол ихтэй, гишүүдээ хагалан бутаргаж, өөрөө хөлжихийг боддог нэгэн байхад энэ аймгийн хөгжлийн тухай ярих нь илүүц биз ээ. Гэвч АТГ-д хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг Завханы МАН-ын дарга аймгийн Засаг дарга болохоор санаархаж, намынхнаа төдийгүй АН-ынхны дургүйцлийг төрүүлээд эхэлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн