Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд Монгол хэлний салбар нээгдлээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд 2020 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй “Ази, Африкийн орнуудын хэл, соёл” сэдэвт Олон улсын онол, практикийн анхдугаар бага хурлын нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

“Ази, Африкийн орнуудын хэл, соёл” сэдэвт Олон улсын онол, практикийн анхдугаар бага хурлыг гадаад хэлний боловсролын чиглэлээр олон улсад тэргүүлэх байр суурьтай Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургууль санаачлан зохион байгуулж байгаа нь энэхүү арга хэмжээний ач холбогдол,  нэр хүндийг дээшлүүлэхийн хамт хэлэлцэх асуудлын хүрээг өргөтгөн гүнзгийрүүлж байна” хэмээн Элчин сайд Д.Даваа мэндчилгээндээ дурдаад “бага хурлын сэдэв, санал, зөвлөмж нь эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд өндөр эрэлт хэрэгцээтэй байж,  үнэ цэнэтэй эх сурвалж болно гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна” гэж тэмдэглэв.

Тэрбээр цааш нь, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд Монгол хэлний салбар нээгдэж, ажил нь амжилттай эхэлж буйд сэтгэл нэн хангалуун байгаа болон салбарын үйл ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг тус тус илэрхийлээд “Монгол хэлийг мэргэшсэн орчуулагчийн түвшинд гүнзгий эзэмшсэн танай сургуулийн төгсөгчид Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөч нь, зүтгүүр нь байх болно гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Москвагийн Улсын их сургууль, Санкт-Петербургийн Улсын их сургууль, Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Оросын Шинжлэх ухааны Дорно дахин судлал болон Алс дорнодын хүрээлэн зэрэг ОХУ-ын Дорно дахин, Африк судлалын эрдэм шинжилгээ, сургалтын тэргүүлэх байгууллагууд, түүнчлэн гадаадын 10 шахам орны эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон, 100  шахам илтгэгчтэй энэхүү Олон улсын онол, практикийн бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаануудад Монгол Улсаас  ОХУ-д суугаа Элчин сайдын яамны холбогдох дипломат ажилтнууд оролцож байна.

Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн 90 жил, тус сургуулийн Дорно дахины хэлний тэнхмийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Ази, Африкийн орнуудын хэл, соёл” сэдэвт Олон улсын онол, практикийн анхдугаар бага хурлын нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваагаас гадна Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн ректор И.А. Краева, БНХАУ-аас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Ханьхуэй, Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Казем Жалали, БНСУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Сок Пэ, ОХУ-ын “Россотрудничества” байгууллагын тэргүүн Е.А. Примаков, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний  удирдагч, академич В.В.Наумкин нар болон Турк, Япон улсын эрдэм шинжилгээ, сургалтын нэр хүнд бүхий байгууллагуудын төлөөлөл бага хурлын ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлэв.

Гадаад харилцааны яам

One thought on “Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд Монгол хэлний салбар нээгдлээ

  1. irgen, 2020-10-19 15:51 at 15:51

    saihan medee

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн