[starbox]

-Зургаадугаар сарын 3-нд халдлага үйлдсэн гурван этгээдийн хоёр нь тодорхой болжээ-

Лондоны цагдаагийн газраас энэ сарын 3-нд алан хядах ажиллагаа үйлдсэн гурван этгээдийн хоёрынх нь нэрийг зарлалаа. Скотленд-Ярдын мэдээлснээр энэ бол 27 настай Хурам Шазад Батт, 30 настай Рашид Редуан нар аж. Тэд хоёулаа Лондоны зүүн хэсэгт Баркинг дүүрэгт амьдардаг байжээ. Цагдаа нар ажиллагааны үеэр гурван алан хядагчийг устгасан юм. Харин гурав дахь оролцогчийн нэрийг зарлаагүй байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр Батт нь Пакистанд төрсөн бөгөөд Британийн паспорттой байжээ. Редуаны хувьд хаанах гаралтай нь одоогоор тодорхой бус байна. Тэрээр өөрийгөө марроко, ливи хэмээж, нэр ус, төрсөн он сар өдрөө үргэлж өөрчилж хэлдэг байсан гэнэ.

Батт KFC сүлжээ рестораныг удирддаг “Auriga” компанид ажиллаж байсан аж. Харин 2016 оны аравдугаар сар хүртэл Лондоны метроны үйлчлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх албанд дагалдангаар ажиллаж байжээ. Скотленд-Ярдын мэдээлэлд “Хурам Шазад Батт нь цагдаагийнхан, МИ-5-ынханд танил байсан. Гэхдээ түүнийг ийм халдлага хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл огт байгаагүй. Нөгөө халдлага үйлдэгч Рашид Редуаныг өмнө нь тусгай албаныхан ажиглаж байгаагүй” гэж дурджээ.

Гурван алан хядагч амиа золиослогчийн хуурамч бүстэй байсан тухай өмнө нь мэдээлсэн. Олон нийтийн сүлжээнд тархсан нэгэн зургаас харахад нэг нь гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмжтэй төстэй баллон шиг зүйл биедээ бэхэлсэн байсан аж.

Эргэн сануулахад өнгөрсөн бямба гарагийн орой Лондоны гүүрэн дээр автомашин явган хүмүүсийг дайрч, дараа нь зэвсэглэсэн гурван этгээд машинаас бууж ирээд хүмүүс рүү халдсан билээ. Гурван алан хядагчийг Боро-маркет захын орчимд цагдаа нар устгасан юм. Энэхүү алан хядах ажиллагаанд долоон хүн өртөж амиа алдсан бол 48 нь хүнд, хөнгөн хэлбэрийн шарх авчээ. Даваа гарагийн оройн байдлаар шархадсан хүмүүсийн 18-ынх нь биеийн байдал маш хүнд байна.

Одоогийн байдлаар…

  • Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй халдлагад олон орны иргэд өртсөн гэж мэдэгджээ.
  • Цагдаагийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар цагдаагийн найман офицер халдлага үйлдэгчдийн зүгт 46 удаа бууджээ.
  • Дублин дэх эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдсэн нэг этгээд нь биедээ Ирландын иргэний үнэмлэхтэй байсан гэнэ.
  • Ирландын Ерөнхий сайд Энда Кенни халдлага үйлдсэн энэ этгээдийг цагдаагийн хяналтад байгаагүй гэж мэдэгдсэн байна.
  • Лондоны зүүн хэсгийн Ньюэм, Баркингт ажиллагаа явуулж, 11 хүнийг саатуулжээ.
  • Нэгжлэг, баривчилгаа явуулсан нэгэн газарт халдлага үйлдсэн нэг этгээд нь амьдарч байсан гэх таамаглал байна.
  • Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан амиа алдагсдын дунд Францын нэг иргэн байсан гэж мэдэгджээ.

Ямар арга хэмжээ авч байна вэ?

Лондоны хотын дарга Садик Хан ойрын үед хотынхоо гудамжаар эргүүл хийх цагдаа нарынхаа тоог нэмж байгаа тухай мэдэгдсэн байна. Гэхдээ хүмүүсийг айж түгших хэрэггүй гэжээ.

Британийн цагдаагийн газар даваа гарагт хэд хэдэн ажиллагаа явуулж, халдлагад хамаатай байж болзошгүй хүмүүсийг сэжиглэн баривчилсан байна.

Саатуулагдсан этгээдүүдээс алан хядах ажиллагаатай холбоотой их хэмжээний материал илэрсэн аж.

Гэхдээ Скотленд-Ярдаас бямба гарагийн алан хядах ажиллагаатай холбоотой мөрдлөг шалгалтын явцад саатуулсан 12 хүнийг ямар нэгэн хэрэгт буруутгалгүйгээр сулласан гэж мэдэгджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн