Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Дэлхий нийтэд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг агшиж, эрэлт буурч байгаа нь манай улсын эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэллээ. Уул уурхайн голлох бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, эрэлт буурснаар 2020 онд Монгол Улсын экспорт, валютын орлого болон төсвийн орлого саарч, эдийн засгийн үйл ажиллагаа удааширч эхлээд байна.
Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, ирэх 3 жилд дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогоо тодотгон баталлаа.
2020 онд бодит эдийн засгийн өсөлт ДНБ-ээр тооцсоноор -1 хувийн бууралттай байх хэдий ч ирэх 2 жилд эдийн засагт өсөлт бий болж, 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувьд хүрэх ба харин хэрэглээний үнийн өсөлт 3.8-6.0 хувийн хооронд хэлбэлзэхээр байна.
2020 оны ДНБ-ий бууралт төсвийн үндсэн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2020-2022 онуудад ДНБ-ий 25.2-25.0 хувийг эзэлнэ.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээний ДНБ-д эзлэх түвшинг ирэх 3 жилд тогтвортой бууруулж, 37.7-28.6 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Гадаад орчны таагүй нөлөөллөөс төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-д эзлэх хэмжээ -12.5 хувьд хүрэх хэдий ч 2021-2022 онуудад цар тахлын нөлөө саарч, эдийн засагт өсөлтийн болон төсвийн сахилга хариуцлага, үр ашигтай хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг 2021 онд -5.1 хувь, 2022 онд -3.6 хувьд хүргэж, төсвийн тэнцэл сайжирна.
Хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглүүлж, 2020 онд нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 3 их наяд 408.0 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 8.8 хувийг эзэлнэ.
Эдийн засагт тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдлаас шалтгаалан макро үзүүлэлт 2020 онд буурч, шинээр хийх зээллэгийн хэмжээ нэмэгдэж байгаагаас өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-д харьцуулснаар 2020 онд 24 их наяд 065.8 тэрбум төгрөг, 2021 онд 26 их наяд 140.5 тэрбум төгрөг, 2022 онд 25 их наяд 862.7 тэрбум төгрөг болж, ДНБ-д эзлэх хэмжээ 62.2 хувиас 56.5 хувь болж буурна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөлөөгөөр хүн амын орлогын бууралт, ядуурал, ажилгүйдлийг сөрсөн нийгмийн халамж, хамгааллын бодлогыг хэрэгжүүлснээр 2020 оны нийгмийн халамж, хамгааллын зардал нэмэгдэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2020 онд 1 их наяд 650.2 тэрбум төгрөгт буюу ДНБ-д эзлэх хэмжээ 4.3 хувьд хүрнэ.
Ирэх 3 жилд баримтлах 2020-2022 оны төсвийн бодлогыг тодотгон баталснаар эдийн засгийн уналтыг зогсоох, тогтвортой өсөлтийг хангах, төсвийн тэнцлийг сайжруулан, гадаад өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн дунд хугацааны төсвийн бодлогын орчинг бүрдүүллээ.
Улсын Их Хурлын Тамгын газар