Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ГХЯ-ны Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өглөө.
“БНСУ дахь Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд үйлдэх таван удаагийн нислэгээр өнгөрсөн саруудад нутаг буцах хүсэлтээ гаргаад УОК-оос тавьсан таван шаардлагад нийцсэн бүх иргэд эх орондоо ирнэ гэж мэдээлсэн. Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн тоо 97 орчим хувийг эзэлж байгаа. Аравдугаар сарын нислэгийн хуваарьт Сиатл руу нислэг үйлдэх эсэхийг нарийн судалж байж эргэнэ мэдээлнэ гэсэн. АНУ дахь Элчин сайдын яамнаас авсан мэдээллээр өнөөдөр ирж байгаа нислэгт буцах хүсэлтэй иргэд хамрагдсан. Тиймээс үлдсэн иргэдээс нарийвчилсан мэдээлэл авахад энэ сард нутаг буцах боломжтой иргэдийн тоо 46 байгаа гэж мэдэгдлээ. Тиймээс эдгээр иргэдийг транзит нислэгээр дамжуулж авах боломжтой гэж үзэж Япон улс руу энэ сарын 28-нд нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.
Энэ нислэгийг үйлдэх шалгаан нь аравдугаар сарын 01-нээс Япон улсын Элчин сайдын яам, Япон улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд виз олгож эхэлсэн. Энэ сарын 10-ны өдөр Токио руу 250 гаруй монгол иргэд явсан бол өнөөдрийн байдлаар виз нь гарсан иргэдийн тоо 300 гаруй байгаа учраас Токио руу виз нь гарсан иргэдийг хүргэж өгөх зорилготой үйлдэгдэж байгаа.
Мөн холимог гэр бүлтэй иргэд БНХАУ руу зорчих хүсэлтээ тавиад байсан. ГХЯ-наас БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай яриа хэлэлцээр хийсний үр дүнд виз олгож эхэлсэн байсан бол эхний ээлжийн 50 иргэнийг хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрлийг ӨМӨЗО-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ. Эрээн хотын удирдлагуудтай хилээр хэзээ нэвтрүүлэхийг хэлэлцэнэ. Өнөөдөр БНСУ-аас транзит нислэгээр 14 улсаас манай улсын иргэд эх орондоо ирнэ” гэлээ.