“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.16/ нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ес дэхь өдрөө үргэлжилнэ.
Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нотлох баримт шинжлэн судлах шатандаа явж байна.
Шүүгдэгч Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй юм.
Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг “Жаст”-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлдэг.
Тухайн үед Засгийн газарт Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирүүлсэн бөгөөд түүний дараахан АТГ-аас Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгосон билээ.